Ираны соёлын объектуудад цохилт өгөх асуудлаар Пентагон тайлбар хийв
2020-01-07

 

АНУ, Ираны хооронд сөргөлдөөн өрнөж, хоёр тал харилцан заналхийлсэн мэдэгдлүүд хийсээр байгаа энэ үед Америкийн төрийн тэргүүн Иран генералынхаа өшөөг авах зорилгоор хариу үйлдэл хийвэл Ираны соёлын объектуудад цохилт өгнө гэсэн утга бүхий мэдэгдлийг твиттер хуудсаараа дамжуулан хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Ираны Гадаад хэргийн дэд сайд АНУ-д эсэргүүцэл илэрхийлсэн юм.

 

Харин үнэхээр АНУ Ираны түүх соёлын объектуудад цохилт өгөх эсэх талаарх асуултад "зэвсэгт сөргөлдөөний хуулиар зохицуулагдана" хэмээн Пентагоны тэргүүн Марк Эспер хариулжээ.

 

Энэ нь, дайны үеийн хуулиар соёлын объектууд байрлах хэсэгт цохилт өгөхгүй гэсэн үг эсэхийг сэтгүүлчид лавлан асуухад "Зэвсэгт сөргөлдөөний хууль тийм" хэмээн хариулсан байна. 

 

Энд дуулгахад, соёлын үнэт зүйлс нь дайны үед хоёр үндэслэлээр хамгаалагдсан байдаг. Соёлын үнэт зүйлс нь иргэний объект, хүмүүнлэгийн эрхзүйн нийтлэг журмаар хамгаалагдана. Нөгөө талаас Зэвсэгт сөргөлдөөн гарсан тохиолдолд соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай 1954 оны Гаагийн конвенц, 1949 оны Женевийн конвенцийн 1977 оны нэмэлт протоколуудаар хамгаалагдсан байдаг. 

 

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп соёлын өвийн объектуудыг багтаасан Ираны 52 /олон жилийн өмнө Иранд барьцаалагдсан Америкийн иргэдийн тоогоор 52-ыг сонгосон гэсэн мэдээлэл бий/байг онилсон хэмээн бямба гаригт мэдээлж байсан юм.  Энэ мэдэгдэл нь улс төрчид болон шинжээчдийг багагүй түгшээсэн бөгөөд ийм цохилт нь олон улсын эрхзүйг зөрчинө хэмээн шинжээчид мэдэгдэж байлаа. 

 

АНУ, Ираны сөргөлдөөний шалтгаан ба өнөөгийн нөхцөлүүд 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин