Финлянд ажлын дөрвөн өдөр, зургаан цагтай болно
2020-01-07

Финляндын 34 настай Ерөнхий сайд Санна Марины боловсруулсан төлөвлөгөөний дагуу тус улсын эрх баригчид ажлын долоо хоногийг дөрвөн өдөр, ажлын цагийг зургаан цаг болгохоор төлөвлөж байгаа талаар The Daily Mail  мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Финляндын шинэ Ерөнхий сайд улс орондоо ажлын уян хатан хуваарийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүддээ үүрэгдсэн байна.

 

"Хүмүүс гэр бүлийнхэн, хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, амралт чөлөөт цагаараа шинэ зүйлсээр хичээллэх эрхтэй гэж би үзэж байна. Энэ бол хөдөлмөрийн харилцаан дахь бидний ээлжит алхам" хэмээн Ерөнхий сайд Марин мэдэгджээ.

 

Дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болсон Марин сайд нарын танхимын тэргүүн болохоосоо өмнө  Финляндын тээврийн сайдын алба хашиж байв. Энэ албан тушаалд байхдаа тэрбээр ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахын тулд ажлын долоо хоногийг багасгахыг дэмждэг байсан аж.

 

Дашрамд дуулгахад, Финляндын хөрш Швед улс 2015 онд зарим албан байгууллагуудад ажлын зургаан цагийг нэвтрүүлэн туршиж байлаа. Туршилтын дүнгээр ажлын зургаан цагийн хуваариар ажилласан хүмүүс илүү жаргалтай, эерэг сэтгэл хөдлөл их, мөн илүү үр бүтээлтэй ажиллаж байгаа нь тогтоогдсон байна. 

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард  Microsoft Japan  ажил болон хувийн амьдралын тэнцвэрийг сайжруулах үүднээс шийдмэг алхам хийж, ажилтнуудаа гурван өдөр амраадаг болсон юм. Үүний дүнд тус компанийн хөдөлмөрийн бүтээмж 39,9 хувиар өссөн гэсэн дүн гарчээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zaa yu geh we bituu arhidana
2020-01-08
uhaantai uhamsartai humuus tsaanaal uur
2020-01-08
зочин:
манайд хэрэгжүүлмээр байна
2020-01-07
zaa yu geh we bituu arhidana