Дагагчдадаа мөнгө тарааж байсан тэрбумтан Сар руу хамт аялах бүсгүйг хайж байна
2020-01-13

 

 

Японы тэрбумтан Юсаку Маэдзава олон нийтийн сүлжээн дэх хуудсуудаараа дамжуулан өөртэй нь хамт сар руу нисэх бүсгүйг шалгаруулах уралдаан зарлажээ. Шалгарсан бүсгүйтэй зөвхөн сансарт аялаад зогсохгүй, амьдралаа холбоно гэж тэрбумтан өгүүлсэн байна. 

 

Сансарт аялах нь эртний мөрөөдөл байсны дээр онцгой газар руу онцгой хүнтэй хамт явахаар шийдсэн гэж Юсаку өгүүлжээ.

 

Түүнчлэн энэхүү өвөрмөц уралдааны талаарх мэдээлэлд "Юсаку Маэдзаватай хамт хүмүүс, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа эрхлэх бүсгүйг хайж байна" хэмээсэн байна. Уралдаанд оролцох бүсгүйчүүд гэрлээгүй, 20-иос дээш настай, эерэг хандлагатай, хөгжилтэй мөн сансарт нисэх аялалд бэлэн байх ёстой гэнэ. Уралдаан энэ оны нэгдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжлэх аж.

 

Энд дуулгахад, Юсаку сүүлийн үед хэвлэлийнхний анхаарлыг ихээр татаж байгаа. Учир нь тэрбээр олон нийтийн сүлжээн дэх дагагчиддаа есөн сая ам.доллар тараана хэмээн амласан юм. Энэ нь мөнгө хүмүүсийг аз жаргалтай болгодог эсэхийг шалгах туршилт хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин