Япон: Коизуми Синзиро хүүхэд асрах амралт авах анхны эрэгтэй сайд болно
2020-01-15

 

Японы Байгаль орчны сайд Коизуми Синзиро хүүхэд асрах чөлөө авах анхны сайд болно гэж NHK мэдээллээ. Түүний эхнэр, Японы алдарт загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Такигава Кристель анхны хүүхдээ төрүүлэхээр хүлээж байгаа аж.

 

Японд хуулиараа эцэг, эх аль аль нь амаржсаны амралт авах эрхтэй байдаг ч эрчүүд энэ эрхээ тэр бүр эдэлдэггүй гэнэ. Энэ нь тэдний сэтгэлзүйн саад бэрхшээлээс үүдэлтэй гэх бөгөөд япончууд амралтаа эдлэн, өөрийн үүрэгт ажлыг хамтран ажиллагсаддаа үүрүүлэхийг хүсдэггүй аж.

 

Харин сайд Коизуми энэ амралтыг хэсэгчлэн эдлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр хоёр долоо хоногийн хугацаанд хүүхэд асрах чөлөө авах бөгөөд гурван сарын туршид богиносгосон цагаар ажиллахын дээр алсын зайнаас буюу видео холбоо, цахим шуудан ашиглан төрийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин