Норвег туршлагаасаа хуваалцахад бэлэн
1-28

Норвегийн Хаант Улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг нар уулзсаныхаа дараа хоёр улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл өглөө.

Хатагтай Эрна Солберг, “Норвег болон Монгол Улс газар зүйн хувьд алслагдмал, эдийн засгийн бүтэц нь өөр ч гэсэн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой. Бидний хувьд ижил төстэй зүйл цөөнгүй байгаагийн нэг нь газрын арвин баялаг юм. Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж, түүнээс олсон ашгаараа иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл сонсоход таатай байлаа. Норвег Улс газрын тос, хийн нөөцөөр арвин. Үүнээс олсон орлогоо эрх тэгш хуваарилдаг энэхүү туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Ингэснээр газрын баялгаас олсон орлого цөөн хэдэн айл, өрх, компанид бус, нийт иргэдэд хүртээмжтэй байх боломжтой болно. Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Норвег Улсад тавтай морилохыг хүсье” гэсэн юм.

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Хатагтай Эрна Солбергтэй санал нэг байна. Хоёр улсын хооронд адил төстэй зүйлс их байдаг. Энэ удаад баялгийн сангийн асуудлаар болон бусад асуудлаар хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Ажил хэрэг болгох үүднээс цаашид илүү нягт хамтран ажиллахаар боллоо” гээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Баялгийн сантай байх талаар шинэ заалт оруулсан. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал ч гэсэн Үндсэн хуульд оруулсан энэхүү заалттай салшгүй холбоотой гэж бид дүгнэж байгаа. Норвег Улс нь дэлхий дээрх хамгийн амжилттай Баялгийн сангийн менежмент хэрэгжүүлж байна. Энэ бүхнийг эхлүүлэхэд учирч байсан хамгийн том бэрхшээл нь юу байсан бэ. Бид юунд анхаарах хэрэгтэй вэ гэдэгт хатагтай Эрна Солберг хариулж өгнө үү?

 

-Хатагтай Эрна Солберг: Бидэнд тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь иргэдийн шахалт байсан. Учир нь, иргэн бүр байгалийн баялгаасаа ижил, тэгш, хүртээмжтэй хувь хүртэхийг хүсэж байсан юм. Энэ бол бидний хамгийн том давж гарах ёстой бэрхшээлүүдийн нэг байсан. Бид парламентаараа Баялгийн санг байгуулахдаа Санхүүгийн дүрэм баталсан. Энэ дүрмээр тухайн сангаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Ингэснээр эдийн засагт нөлөөлөх нөлөө багасаж, бусад салбарын хөгжлөөс хойш нь татахгүй байх давуу талтай болсон.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Та энэ удаагийн айлчлалаас ямар хүлээлттэй байгаа вэ? 

 

-Хоёр улсын хамтын ажиллагааг улам ойртуулах хүсэлтэй байгаа. Ялангуяа, Баялгийн сангаар дамжуулан баялаг иргэдэд тэгш, хүртээмжтэй очдог байх аргачлалыг судалж, тус улсын мэргэжилтэн, хуульчдыг Монголд ажиллуулах санал тавьсан. Энэ саналыг Ерөнхий сайд, хатагтай Эрна Солберг хүлээн авлаа. Энэ бол айлчлалын хүлээж буй үр дүн юм” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
юу ойлгодог болЮ1
2020-01-28