“Ногоон наадам”-д 193 орны залуус ирнэ
2020-01-30

 

 

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулах Улаанбаатар хотод шинээр хөлбөмбөгийн талбай, усан бассейн, мөсөн өргөө зэрэг цөөнгүй барилга байгууламж барьж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй “Олон улсын залуучуудын ногоон наадам” 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Монгол Улсад анх удаа зохион байгуулах тус наадамд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно. “Олон улсын залуучуудын ногоон наадам” нь чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиү жицү, байт харваа, хөнгөн атлетик, шатар, спорт авиралт, усанд сэлэлт, крикет, цахим спорт, хөлбөмбөг, буудлага спорт, ширээний теннис, таеквондо, туялзуур сэлэм, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд паралимп, тусгай олимп, дифлимпийн уралдаан, тэмцээн наадмуудыг нэг дор зохион байгуулахаараа онцлогтой.

 

Тус наадамд оролцох шилдгүүдээ тухайн спортын холбоод тодруулна. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдын нэрийг 2020 оны зургадугаар сард албан ёсоор зарлах юм байна. Харин Улаанбаатарын ногоон наадамд оролцох орнуудын тамирчдын мэдүүлгийг наймдугаар сараас хүлээн авах аж.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин