ТИТЭМ ВИРУСИЙН талаарх 4 төөрөгдөл
2020-01-31

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн титэм вирустэй холбоотой нөхцөл байдлын талаарх хуурамч мэдээлэл, цуурхлын  талаар бид өмнө нь мэдээлсэн. 

ТИТЭМ ВИРУС: ХУУРАМЧ МЭДЭЭЛЛҮҮД

болон Ухань хотоос өгсөн БОДИТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

Энэ удаад олон нийтийн сүлжээгээр тархсан төөрөгдлийн талаарх мэдээллийг хүргэж байна.

 

ТӨӨРӨГДӨЛ №1. ВИРУС ЖИМСЭЭР ДАМЖИН ХАЛДВАРЛАХ БОЛОМЖТОЙ 

 

Ийм мэдээлэл өмнөх цуурхлуудтай адилаар мөн л гадаад эх сурвалжаас дамжин Монголын олон нийтийн сүлжээнд ихээхэн тархсан. Жимсээр дамжин халдвар авна гэх мэдээллийг анхлан гаргасан сайт Чуньминь эмнэлгийн салбараас анхааруулсан мэтээр мэдээлж байв.

 

Ийм эмнэлэг үнэхээр байдаг, гэхдээ нэг ч шинжээч, эмч эсвэл улс төрч энэ вирусийг жимстэй холбон тайлбарлаагүй.  Вирус хүнээс хүнд агаар дуслын замаар дамждаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Мөн хүн эсвэл амьтны биеийн гадна удаан амьдрах чадваргүй. 

 

ТӨӨРӨГДӨЛ 2. ХЯТАДААС ИРСЭН ИЛГЭЭМЖ ХҮЛЭЭН АВБАЛ ВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ МЭДНЭ

 

Хятадын AliExpress үнэхээр л вирус дэгдсэнээс хойших эхний өдрүүдэд илгээмжүүдийг шалгасан. Ийнхүү шалгахад Хятадын бараанаас халдвар авсан тохиолдол илрээгүй. 

 

Мөн илгээмжийн дотор байгаа вирус илгээмж хүрэх газраа очих хүртэл амьдарч чадахгүй гэж эмч нар онцолсон.

 

ТӨӨРӨГДӨЛ 3. ВИРУСИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААГААР УСТГАЖ БОЛНО

 

Оросын олон нийтийн сүлжээгээр эрчүүд халдвар авах өндөр эрсдэлтэй, тиймээс өдөрт 250 граммаас доошгүй архи, виски, коньяк уух шаардлагатай гэсэн мэдээлэл тархсан. Энэ мэдээлэл Хятадад ч тарж, зарим хүмүүс амьд үлдэхийн тулд согтуу явж байгаа талаарх мэдээлэл ч гарч байв. 

 

"Ахмадууд согтууруулах ундаа вирусийг устгана гэдэгт итгэн амьд үлдэхийн тулд манай хөршүүд согтуу явах болсон" гэж Уханийн оршин суугч ВВС агентлагт ярьж байлаа. 

 

Энэ нь мөн л төөрөлдсөн хэрэг. Согтууруулах ундаа дархлааны системийг дарангуйлж, бие организмыг сульдаан, вирустэй тэмцэх явцыг хүндрүүлдэг гэж эмч нар сануулж байгаа юм. Цорын ганц үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга нь эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг мөрдөх явдал. 

 

ТӨӨРӨГДӨЛ 4. ВИРУСИЙГ ДАВСНЫ УУСМАЛААР УСТГАЖ БОЛНО

 

Гуанжоугийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн Чжунь Наньшань урьдчилан сэргийлэх аргуудын нэг болгон хоолойгоо давсны уусмалаар зайлж болохыг зөвлөсөн нь үнэн. Харин энэ мэдээлэл цахим орчинд тарахдаа утга нь гажиж, ийм аргаар эдгэрэх боломжтой гэсэн төөрөгдөл бий болсон юм.

 

Хожим нь ДЭМБ энэ мэдээллийг няцаасан бол ам зайлахыг зөвлөсөн эрдэмтэн ахуйн ариун цэврийг сахих нь чухал гэж онцолсон.

 

Ухань дахь эх сурвалж: Хэвлэлүүд хэт дэвэргээд байна, бид тайван байгаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Od:
Manaih uuniig ilruultel hol bn doo. Unendee es itgej bn
2020-01-31