Угаарын хийн мэдрэгч дуугарсан ч унтраагаад унтсан иргэд угаартжээ
2020-02-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт найман хорооны найман өрхөөс угаарын хийн хордлогдо өртсөн гэх дуудлага мэдээлэл Яаралтай түргэн тусламжийн төвд иржээ. Дуудлага өгсөн иргэд ихэвчлэн хөнгөн хэлбэрийн хордлогод өртсөн байсан бөгөөд насанд хүрээгүй 18 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэн эмчилгээ хийж, зөвлөгөө өгөөд гэрт нь буцаасан байна. Харин хөнгөн хэлбэрийн хордлогод өртсөн 16 насанд хүрэгчдэд гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн иргэн эхнэр, гурван хүүхдийн хамт угаарын хийд хордсон гэх дуудлага ирсэн байна. Тус айлын угаарын хийн мэдрэгч шөнө 02.00 цагийн үед аюулын дохио өгсөн ч гэрийн эзэн агаар сэлгэлт хийгээд мэдрэгчээ унтраагаад амарсан. Гэтэл өглөө 07.00 цагт сэрэхэд таван настай охин нь огиж бөөлжсөн, эхнэрийн толгой өвдсөн шинж тэмдэг илэрсэн тул бага насны гурван хүүхдээ ЭХЭМҮТ-д хүргэжээ. 

 

Иймд иргэд олон нийт угаарын хийн мэдрэгч дугарсан тохиолдолд унтраах биш байнга ажиллуулж байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин