Чуулган завсарласан ч гишүүд “амрах завгүй”
2020-02-06

 

УИХ-ын намрын чуулган завсарлаад байна.  Энэ парламентын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган  хариуцлагатай, үр дүнтэй хуралдсан гэж дүгнэж болно.

 

Өнгөрсөн намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталсан нь түүхэн  үйл явдал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлнэ. Парламентын хариуцлагыг дээшлүүлж, Засгийн газар тогтвортой ажиллах бололцоог энэ хуулиар бүрдүүлсэн гэж хууль боловсруулагчид дүгнэж байгаа. Гэхдээ хууль мөрдөх явцдаа л үр дүн нь мэдрэгдэнэ. Ямартай ч Ерөнхий сайдад бүрэн эрх олгож, гишүүдийн  “давхар дээл”-тэй байх квотод хязгаар тавьж, Ерөнхийлөгчийг нэг удаа, 6 жилээр сонгох бололцоог бүрдүүлснээрээ онцлогтой.

 

Намрын чуулган бүр парламентын хувьд ачаалал ихтэй, хуулийн хугацаатай асуудлыг хэлэлцдэгээрээ онцлогтой. Тэр дундаа сонгуулийн өмнөх жилийн намрын чуулганаар Сонгууулиудын хуулиудыг мөн л хуулийн хугацаанд нь хэлэлцэн баталдаг. Энэ дагуу УИХ-ын гишүүд намрын чуулганы хугацаанд хуулийн хугацаатай Улсын төсөв, Мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахаас гадна Сонгуулийн хуулийг баталлаа. Ирэх сонгуулиуд тус бүртээ бие даасан хуультайгаар явагдана Тэр дундаа УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар хуульчиллаа. Эдүгээ УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах цаг хугацааны хуваарийн дагуу СЕХ ажиллаж байна. УИХ-ын сонгууль 29 тойрог, 76 мандаттайгаар явагдана.

 

Намрын чуулганы хугацаанд  УИХ-ын даргыг дагалдан Австрали улсын Сидней хотод олон улсын хуралд оролцсон гишүүд казино тоглосон “хэрэгт” орлоо. УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар казино орсныг гэрэл зургаар баталгаажуулсан ч тэд тоглоогүй, судалсан гэсэн тайлбарыг хийсэн юм. Гадаадын казинод гишүүд тоглосон байлаа ч хуулийн  хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчин байхгүй. Төрийн түшээдийн ёсзүйг авч хэлэлцэж болох ч шүүмжлэлээс хэтрэхгүйгээр асуудлыг намжаасан гэж болно.

 

Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сөхөгдөн, шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван үндэслэлээр бүрэн эрхийг нь чөлөөлөх саналыг Ерөнхий прокурор ирүүлсэн. Нууцын зэрэглэлтэй уг асуудлыг парламент хуулиараа 48 цагийн дотор шийдвэрлэх, хариу хүргүүлэх заалттай. Гэвч хуулийн хугацаанд Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг эхлүүлж, үргэлжлэлтэйгээр долоо хоногийн хугацаанд шийдвэрлэлээ. Эрх баригчид Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг нууц санал хураалтаар дэмжсэн ч илээр санал хураасан тогтоолоо батлагдахгүй, завсрын маргаан үүсгээд амжсан. Эцэст нь Н.Номтойаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн тогтоолоо баталснаар парламент асуудлаа шийдвэрлэв.

 

Ийнхүү 76-уулаа тангарагаа өргөн энэ парламент бүрэн эрхийнхээ сүүлийн жилд нэг гишүүнээ чөлөөлж, бас нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр 74 болж байна. Парламентын бүрэн эрхийн хугацаанд Н.Номтойбаяр гишүүн асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх эсэх нь хуулийн байгууллагаас бус улстөржилтөөс хамаарна гэж ажиглагчид үзэж байна.

 

Харин намрын чуулганаа завсарлуулсан гишүүд энэ удаад амрахгүй “завгүй” тойргоо усалж, дараагийн сонгуульдаа горилж яваа нь дамжиггүй. Сонгуулийн жилийн чуулганы завсарлагаар гишүүд эмчилгээ сувилгаа хийлгэж, гадаадад аялж амрах бус  улс төрийн нөхцөл байдлыг нүд салгалгүй тандаж, гэртээ ч тухлах завгүй,  иргэдтэй уулзалт хийж,  журмын нөхөдтэйгээ “нам эвсэж, сэм хуйвалдан”  сонгуулийн тойрог, намын байраар “салхилсаар” явна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин