Шинэ ном: “Бөгтөр ЖДҮ”
2020-02-06

 

Монгол Улсад бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 78 мянга орчим аж ахуй нэгж байгаагаас 60-аад мянга нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ачааны хүндийг үүрч, нийгмийн ороо бусгаа нөхцөл байдал, хууль эрх зүйн тээг саадыг даван туулж, өсөж өндийхөөр зорьж яваа жижиг, дунд үйлдвэрлэгчдийг олон нийт төдийлэн анзаардаггүй, төрийн бодлогын гадна байсаар ирсэн.

 

Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр төсвөөс болон олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар орж ирсэн санхүүжилтийг эрх мэдэлтнүүд цөлмөж, өөрсдөө халаасалдаг тухай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлснээс хойш л ЖДҮ гэдэг үг илүү танил бас сортхиймээр сонсогдох болжээ. Энэ байдал 30 жил үргэлжилснийг уншигч та мэдэх үү.

 

Жижиг дунд үйлдвэрлэгчид маань дарагдаж, нугачуулж, бөгтийж байгаа ч хэрээрээ тэмцэн зүтгэсээр байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хууль бус зарцуулалт, дуулиан дэгдсэнээс хойш жижиг, дунд үйлдвэрлэл эрхчлэгдийн хувьд дэндүү хатуу тийм нэгэн түүхийн гэрч болон та бид амьдарч буй билээ. Тэгвэл энэхүү үнэнийг бодитоор нь нэмэлт, хачиргүй эмхэтгэсэн нэгэн бүтээл уншигчдын гарт хүрлээ. “Бөгтөр ЖДҮ” хэмээх энэ номыг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос санаачлан сэтгүүлч Б.Бямбасүрэн, З.Цэлмэг нар бичжээ. Номын ерөнхий редактораар Соёлын гавьяат зүтгэлтэн И.Ренчинханд ажилласан байна. Тус бүтээлийн өмнөтгөлд “Бид энэ номонд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хулгай хийх боломжийг эрх баригчид яаж бүрдүүлсэн, хэрэг нь хэрхэн ил болсноос эхлээд нийгэмд бий болж буй эерэг өөрчлөлтүүд, цаашдаа нийгмийн дундаж давхаргыг авч явдаг ЖДҮ-ийг хэрхэн харж, хөгжүүлэх хэрэгтэйг, ЖДҮ-ийг өрхийн үйлдвэрлэл төдийхнөөр харах уу, технологийн эринд гигантуудыг төрүүлэх суурь болгох уу гээд бүхий л асуудлыг цогцоор нь гаргаж тавихыг хичээлээ” хэмээн тэмдэглэжээ.

 

Хэвлэл мэдээллийн байгууллагынхан дуу нэгтэйгээр дэлгэн харуулж, эрх мэдлийнхээ савраар ард иргэдийнхээ халаасыг хоосолсон үйлдлийн тухай бид 2019 оны турш шуугисан. Гэхдээ ингээд шуугиад өнгөрүүлэх бус цөвүүн түүхийг бодитоор нь бичиж үлдээсэнд энэхүү номын үнэ цэнэ буй.

 

“Бөгтөр ЖДҮ” ном өнөөдрөөс номын бүх сүлжээ дэлгүүрээр зарагдаж буй бөгөөд үнэ нь 24900 төгрөг аж.

Shuud.mn
Сонин хачин