ВИДЕО: Хятадын сувилагч нар өвчтөнүүдийг сэргээхээр концерт тогложээ
2020-02-13

 

 

Хятадын Ухань хотод шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор байгуулсан түр эмнэлгийн сувилагч нар өвчтөнүүдийн сэтгэлийг сэргээхээр концерт тогложээ. 

 

Тодруулбал, БНХАУ-д алдартай "талбайн бүжиг"-ийг эмнэлэг дотор бүжиглэсэн бөгөөд энэ үйл явдлыг харуулсан дүрс бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тарж, иргэд ихээр дэмжсэн байна. 

 

Хамгаалалтын хувцас, нүдний шил, амны хаалт, бээлийтэй хоёр сувилагч Хятад хөгжмийн аянд бүжиглэж эхлэхэд эмнэлгийн өвчтөнүүд тэднийг дэмжин, бүжигт нэгджээ.

 

Энэ санаачилгыг гаргасан нэгэн сувилагч "Жунсиньван" цахим мэдээллийн агентлагт ярихдаа ийнхүү бүжиглэж өвчтөнүүдийг хэсэг хугацаанд ч болов өвчнөө мартан, эмнэлгийн орноос босож, аюултай өвчинтэй тэмцэхийн тулд сэтгэл санаагаа өөдрөг болгоход нь туслах зорилготой байсан хэмээн онцолсон байна.

 

Эмнэлгийн нэгэн өвчтөний өгүүлснээр, эмч сувилагч нарыг өвчтөнүүд ч дэмжин, хамтдаа бүжиглэсэн бөгөөд гэхдээ аюулгүй байдлын зааварчилгааг нарийн мөрдсөн гэнэ. Тэд нэг нэгнээсээ метр гаруй зайд зогсон бүжиглэжээ. Мөн эмнэлэгт үргэлж л эмч сувилагч нарт зориулсан зар, дуудлага явдаг тул хөгжим эгшиглэхэд өвчтөнүүдийн сэтгэл хөдөлж, нулимс унагасан гэж өөр нэгэн өвчтөн ярьсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин