Айлын л АМЬДРАЛ...
2020-02-21

Хайр олон өнгөтэй. Халуун дулаан, хүйтэн, хөндий, дүүрэн бас дутуу. Өнөөдөр өөр өөрийн хайрын өнгийг сүлж амьдралд амт нэмж яваа залуу хосынд очихоор 3,4 дүгээр хорооллыг зорилоо. Хүрэх замдаа хүний сэтгэлийн нандин нууцыг онгичиж эсвэл хүсээгүй болохоор хав дарчихсан хар барааныг нь хөндчих вий гэж бодоод л явлаа. Хаалгаа цэлийтэл нээгээд инээмсэглэж угтсан залуу “Короновирус юу болж байна вэ”  хэмээн цай аяглах зуураа асууснаар яриа нэг их алсаас эхэлсэнгүй. Би тэднийд цай уугаад л буцах хүсэлт тавьсан тул тэр намайг гэртээ урьсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөргөгчин дээрээ стикертэй,  хөрөхийг нь хүлээж хөндөлдүүлж орхисон индүүтэй, дутуу нээсэн хөшигний цаадах цонхны тавцан дээр Ж.Пүрэвийн “Манан будан” роман, Милан Кундера “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” зэрэг ном өрөөстэй. Манайх бас танайх шиг л айл...

 

Сэрүүлэгний дуунаар хөнжлөө хуу татаж босоод гэрээсээ гарч одсон “нөхрийнхөө” хам хум орхисон хувцас, ор дэрийг эмхэлж зогсоо эгэл залуу. Онц гойд зүйл огт үгүй ийм нэгэн айлын амьдралыг харин нийгэм ихэд жигшин, зэвүүцнэ. Шалтгаан нь тэд биднээс жаахан л өөр. Бүр жаахан. Тэд бол бидний “гаж” хэмээн ад үздэг бэлгийн цөөнхүүд. Цөөн учраас цөөнх дотроо чимээгүй, намуухан ажиллаад, амьдраад л байна.

 

Надад цай аягласан залуугийн өмссөн хувцас, үсээ засуулсан хэлбэр нь ч эрэгтэй. Гэхдээ тэр нөхрөөсөө  шоколад хүлээсэн залуу. Тэр залуутай л ярилцаж юу мэдэрч, юу бодож, хэрхэн аж төрж буй болоод хаа холын мөрөөдлийг нь ч хуваалцахыг зорьж ирсэн хэрэг.

 

Энэ залууг  Баяа  гэдэг. Баяа найз залуутайгаа одоогоос 13 жилийн өмнө танилцсан. “Тухайн үед телевизийн чатаар танилцах залуусын сонирхол хүчээ авч байсан үе. Би ч мөн адил найз залуутайгаа үүгээр танилцсан. Гурван сар зурвасаар харилцсаны дараа уулзсан, таалагдсан, татагдсан. Удалгүй хамтын амьдралаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд сайндсан, муудсан, салсан, нийлсэн цаг үе байлаа. Тэр бүхнийг даван туулаад л өнөөдрийг  хүрсэн” хэмээн ард үлдсэн он жилүүдийн тухай ярив.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ залууг  Баяа  гэдэг. Өдгөө 40 гаруй настай тэрбээр 13 настайгаасаа өөрийнх нь бэлгийн чиг баримжаа үеийнхнээс нь ялгаатайг мэдэрч эхэлжээ. “Яагаад би эмэгтэй хүүхдэд татагдах байтал эрэгтэй хүүхдэд татагдаад байгаа юм бэ” гэдэг асуултад хариулт олоогүй өнөөдрийг хүрсэн” хэмээн санаа алдах тэрбээр энэ нууцаа хэнд ч хэлэхгүй хичээсээр 26 хүрчээ. Чин үнэнийг ганцхан дотор хүнтэйгээ ярилцсаар өнгөрүүлсэн 13 жилийн хугацаанд тэр “Эхнэр аваач” гэх асуулт, “үр хүүхэд яах вэ” гэх тохуурхалтай тулгарсаар өнөөдрийг хүрсэн. Түүний дотор юу мэдрэгдэж байсан бол...

 

“Харамсалтай нь хүн хэзээ ч бусдын сэтгэл рүү өнгийж чаддаггүй учраас миний мэдрэмжийг тэд хэзээч мэдэрч чадахгүй шүү дээ. Хамгийн хэцүү зүйл нь нийгэмд тогтсон хүмүүсийн сэтгэлгээний хэвшсэн ойлголт. Хүн аливааг удаан нуугаад явчихаар сэтгэл зүйн хувьд их эмзэг болчихдог юм билээ. Хэн нэгэнд хэлэх гэхээр хэрхэн хүлээж авах нь ойлгомжтой. Социализм ЛГБТИ хүмүүсийг нийгэм даяар нь жигшүүлчихсэн. Одоо ч гэсэн тэр жигшил, зэвүүцэл байж л байна.

 

15 настай  хүүхэд ээж аавдаа, үе тэнгийнхэндээ юу гэж хэлж, яаж ойлгуулах учраа олоогүй. Сүүлдээ тэвчихээ больдог юм билээ. Нийгмийн хандлага өөрчлөгдөөд ирэнгүүт өөртэйгээ эвлэрсэн. Гэр бүлдээ хэлсэн. Хэн ч таатай хүлээж аваагүй. Мэдээж хэцүү байсан. Айлын бага хүү. Гал голомтоо сахих отгон хүү гээд л гэр бүлийнхэн маань олон зүйлийг хэлж ярьж байсан. Тэглээ гээд би хүсээд ч чадахгүй байгаа юмыг яах вэ. Хүссэн болохоор, сонирхсон болохоор, уруу татагдсан болохоор би ийм амьдрал, ийм хувь тавиланг сонгоогүй” хэмээн ярихдаа Баяа учирлахдаа уруул нь үл ялигхан чичирхийлж байв.

 

Тэр зөвхөн өөрөө нийгэмд ил гараад бусдыгаа тэсгил алдам тавилантай нь үлдээхийг хүссэнгүй. Тэдний бас өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж эхлэв.

 

ЛГБТИ хүний эрхийн төлөө Баяа 10 жил ажиллахдаа:

 

1.Эрүүгийн хуульд "Ялгаварлан гадуурхах"-ыг гэмт хэрэгт тооцуулсан

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг оруулсан /УИХ-р хэлэлцэгдэх дутуу/

 

3. Иргэдийн эрхзүйн боловсролыг дэмжих зорилгоор ЛГБТ төвийн эрхзүйн хөтөч бэлтгэх төслийг хэрэгжүүлсэн.

 

4. ЛГБТИ хүний эрхийн зөрчлийг баримтжуулах, шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад хандахад нь туслав

 

Эцэст нь ЛГБТ Төвд ажилласанаараа, нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд өөрөөрөө ил гарч, үзэл бодлоо илэрхийлж сурсанаараа нийгмийн хандлагыг бага ч болов өөрчилж байгаа гэдэгтээ итгэсээр, энэ итгэлээр сэтгэлээ тэжээсээр иржээ.

 

Хүний эрхийн хамгаалагч А.Балдангомбо “Хүний эрх хүн бүрт хамааралтай учир хүний эрхийг хамгаалахад өөрийгөө дайчлах ёстой гэж боддог. Монголд гей хүн ялгаварлан гадуурхагддаг гэдгийг мэдэрсэн учраас оюутан байх хугацаандаа ХЭҮК-т сайн дурын ажилтнаар ажиллаж байсан. Үндэсний хэмжээнд ажилладаг төрийн албан хаагчдын ажлын ачаалал хийгээд хүний эрхийн тухай гүнзгийрүүлэн өгсөн сургалтуудаас маш их урам зориг байсан юм. Энэ өөрийнхөө болон бусад ЛГБТИ хүмүүсийн төлөө ажиллах урам өгсөн. Нийгмийн эерэг өөрчлөлт болгон миний урам зориг болдог, учир нь энэ эерэг өөрчлөлт болгоныг хүний эрхийг хамгаалагчид манлайлж, гүйцэтгэсэн байдаг” хэмээн тодотгов.

 

Эрхийн төлөө тэмцэнэ гэдэг амаргүй. Эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Тэр дундаа ЛГБТИ хүмүүсийн эрхийн төлөө дуугарна гэдэг зэвсэгтэй этгээдүүдийн өөдөөс улаан гараараа тулалдахтай дүйх биз.

 

Жил бүрийн наймдугаар сард Тэгш эрх, бахархлын өдрүүд тохиодог. Энэ үйл ажиллагааны хамгийн чухал нь Тэгш эрхийн төлөө жагсах явдал. Жил ирэх тусам энэ жагсаалд оролцох хүмүүсийн тоо өсчээ. Тухайлбал 2014 онд 14-15 хүн жагсаж байсан бол 2018 онд 250 орчим хүн жагссан байна. Хамгийн сүүлийн жагсаалын дараа харамсалтай нь Баяа халдлагад өртжээ.

 

Тэрбээр энэ тухай “Цагдаагийн байгууллагааас намайг “бусдын гаргасан гомдлын дагуу шалгаж байна” гэсэн мөртлөө бодит байдал дээр намайг хамгаалаагүй. Гомдол гаргасан этгээд хэл амаар доромжилж, ална гэж заналхийлж байхад хүртэл тоогоогүй. Энэ дагуу гаргасан гомдлыг минь хүртэл огт хэрэгсээгүй. Тиймээс сэтгэлзүйн хувьд хүнд дарамтад өөрөө ч мэдэлгүй орчихсон байснаа хожим мэргэжлийн сэтгэлзүйчтэй ярилцаж байж мэдсэн. Энэ бол хүний эрхийг хамгаалдаг хүмүүсийн хувьд учирдаг хамгийн хүнд бэрхшээл юм болов уу гэж боддог. Өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалж чадахгүй гар мухардана гэдэг харамсалтай, эмгэнэлтэй санагдсан нэг зүйл бол хамт ажилладаг байсан хүмүүс хүртэл надад тохиолдсон кейсийг баримтжуулаагүй. Энэ бүр ч эмгэнэлтэй санагдсан. Гэтэл би бусдад тохиолдсон хүний эрхийн зөрчлийг баримтжуулаад сууж байдаг гээд хэсэгтээ бодогдсон, гунигласан, өөрийгөө үзэн ядах сэтгэл төрдөг юм билээ. Тиймээс л би эрхээ хамгаалагч хүн, шантарч болохгүй, үргэлжлүүлэн сурах ёстой, цаашид мэргэжлийн төвшинд өарийнхөө болоод бусдын эрхийг хамгаална гэж тууштай шийдсэн дээ” хэмээн ярихдаа асар гунигтай хуруугаа оролдож суусан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баяа найз залуутай. Тэд 13 жилийн өмнө танилцсан. “Тухайн үед телевизийн чатаар танилцах залуусын сонирхол хүчээ авч байсан үе. Би ч мөн адил найз залуутайгаа тэгж танилцсан. Гурван сар зурвасаар харилцсаны дараа уулзсан, таалагдсан, татагдсан. Удалгүй хамтын амьдралаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд сайндсан, муудсан, салсан, нийлсэн цаг үе бий. Тэр бүхнийг даван туулаад л өнөөдрийг  хүрсэн” хэмээн ард үлдсэн он жилүүдийг товчлов.

 

Нууц л болохоос энэ айлд ч аз жаргал бий... Баяа хуулийн фирмд хуульчийн туслахаар ажилладаг. Өнгөрсөн жил хуульчийн сонгон шалгаруулалтад орсон ч хангалттай бэлдээгүй тул тэнцээгүй аж. Өнөө жил дахин өгөх гэнэ. Түүнд эрхзүйчийн бакалаврын диплом бий. Боловсролын зэргээ дээшлүүлэхээр өнөөдөр ажлын хажуугаар магистрт суралцаж буй. Ажилдаа явах замдаа “Балиар өөдрөг” подкаст сонсдог, инстаграмм ашигладаг, таксины мөнгөө төлөхдөө интернет банкаар гүйлгээ хийдэг. Таны, миний л адил хүн...

 

Зарим өглөө эрт сэрнэ, хааяа сэрүүлгээ унтраагаад унтчихна. Орой аль түрүүлж ирсэн нь хоолоо хийнэ. Баяа гэртээ бол сайн тогооч төдийгүй сайхан цуйван сэгсэрдэг гэсэн. Илүү зүйлгүй ийм л энгийн нэг амьдрал... “Бусдын адил мөрөөрөө амьдраад л байна. Хэт цадахгүй бас хэт өлсөхгүй болоод л байна” хэмээн тэр инээвхийлсэн.

 

Тэд хүн. Тэгээд бидний л адил баяр гуниг, зовлон жаргалтай хосууд. Хамтран амьдрагчийнхаа талаар дэлгэрэнгүй ярихыг хүсээгүй тэрбээр “Бид хоёр өөр хүмүүс. Тэр хүнд хүрээлэн буй орчин бий. Тэр хүсэхгүй байгаа болохоор би түүний тухай дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд хөгжилтэй, заримдаа гунигтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Жижигхэн байранд амьдарч байлаа. Хүний амьдрал хойно ахиж дээшлээд, дэвжээд л байна. Надаас илүү манай хүн сэтгэлийн хаттай. Аливаа асуудлыг яаж ийж байгаад л даваад гарчихдаг. Би түүнд нь хөглөгдөж амьдардаг” гэсэн юм.

 

Бэлгийн чиг баримжаа олон учир шалтгаантай байдаг. Генийн өөрчлөлттэй хүнснээс улбаатай мэт хүмүүс ярьдаг ч үүнийг шинжлэх ухаанаар нотолсон зүйл үгүй. “Гэтэл ийм мэдээлэл түгээсний ард хэсэг бүлэг хүмүүс яаж зовж шаналж байгааг тэд мэддэггүй” хэмээн Баяа харууссан өнгөөр хуучилсан.

 

Харин сүүлийн үед нийгмийн, залуусын, төрийн албан хаагчдын ч хандлага өөрчлөгдөж буйд баярладаг гэнэ. “Тэр дундаа 1995 оноос хойш төрсөн залуусын харилцаа, хандлага маш эерэг болсон. Тэртээ тэргүй  төрийн болоод хувийн хэвшилд ч залуу үе түрэн орж буй тул тэгш эрхийг дэмжиж, нийгэм өөрчлөгдөж байгаа” гэдгийг тэр хэлсэн. Гэхдээ зовлон ч бас байгаа. Ялгаварлан гадуурхагдана, зодуулна, хөөгдөнө...”Миний үндсэн шинж чанар дэврүүн. Тийм учраас “болно доо” л гэж бодож ирсэн, бодсоор ч явах болно” хэмээн Баяа өөдрөг хариулсан.

 

Тун саяхан хосуудын баярын өдөр болж өнгөрсөн. Тэд нэг их баяр тэмдэглэдэггүй ч бие биендээ багахан ч гэсэн бэлэг өгч баярлуулдаг гэнэ. Хосуудын солилцсон зүрхэн хэлбэртэй шоколадны хайрцаг ширээн дээр нь байна лээ...

 

Зарим нь хүн л юм хойно өөрийнхөөрөө амьдарна гээд зүтгэдэг. Тэгээд амжилтанд хүрдэг. Гэхдээ хүн болгонд бэлгийн чиг баримжаагаа дэлгээд байх шаардлага байдаггүй. Энэ бол хувь хүний өөрийн үзэл бодол” гэж Баяа хэлсэн. Тиймээ, ижилхэн “зовлонтой” хүмүүс хэн хэндээ хань болж хатуу орчлонг зөөллөж яваад буруу огт байхгүй.

 

ЛГБТИ гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс гэсэн таван үгний товчлол буюу бэлгийн цөөнх хүмүүсийг нэршиж заншсан олон улсын нэршил юм. Бэлгийн цөөнх гэж бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд олонхоос ялгаатай хүмүүсийг хэлж байгаа юм. Тодруулбал, бэлгийн чиг баримжаа гэдэг нь хэн нэгэнд хайрлаж дурлаж, татагдаж буй мэдрэмж бол хүйсийн баримжаа, илэрхийлэл нь өөрийн хүйсийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэж мэдэрч буй хүн бүрийн дотоод мэдрэмж юм" гэж ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаар ЛГБТ Төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер, НҮБ-ын "Тэгш & Чөлөөт" төслийн үндэсний зөвлөх Г.Доржжанцан хэлсэн байдаг.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бид тэднийхээс хамт гарлаа. Тэр ажилдаа, би ч ажил руугаа... Баяа маскаа зүүгээд гар ариутгагчаа цүнхлээд гарсан. Та бидний л адил COVID-19 халдвар тусчихгүй амьдрахсан гэх чин хүсэлтэй....Эрэгтэй хүнийг хайрладагаараа л  өөр болохоос Баяа бас түүний хайрт бидний адил хүн.

 

Тэднийхээс гарахад тавилга дээрх жижиг цаг 11.27 минутыг зааж байлаа. Миний утасны цагтай яв цав таарч байна...

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин