ФОТО: Ачааллыг зохион байгуулахаар 500 алба хаагч ажиллаж байна
2020-03-03
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Шинэ коронавируст халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 03 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.

 

Хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр өглөө дуусгалаа. Ингэснээр зөвхөн Нийслэлд гэхэд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирэх тооцоог холбогдох албаныхан танилцуулсан. Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаааллыг зохион байгуулахаар найман товчоонд Тээврийн цагдаагийн албаны 500 алба хаагч бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ өдрийн 04.00 цагаас ажиллаж байна. 

 

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газрын нийт 30 гаруй алба хаагч товчоодод ажиллаж нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авч нэвтрүүлж байгаа юм.  Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрджээ.

 

Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин