Москва 5000 -аас дээш хүн оролцох арга хэмжээнүүдийг цуцлав
2020-03-11

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалтын цар хүрээг хязгаарлах зорилгоор ОХУ-ын нийслэл Москва хотод 5000-аас дээш хүний оролцоотой олон нийтийн арга хэмжээнүүдийг хоригложээ. Энэ хориг дөрөвдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.

 

"Москва хотод 5000-аас дээш хүний оролцоотой олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох тухай тушаалд өнөөдөр гарын үсэг зурлаа" хэмээн Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн оролцогчийн тоо 5000 хүрэхгүй ч спортын арга хэмжээнүүд, тэр дундаа хөлбөмбөг болон хоккейн тоглолтуудыг цуцлахаар болжээ. 

 

Титэм вирусийн халдварын тархалттай холбоотой нөхцөл байдал хүндэрч байгааг Собянин онцолсон байна. 

 

"Итали, Герман болон манай бусад Европын хөрш орнуудад үйл явдал хэрхэн өрнөж байгааг харж байгаа тул хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд нэмэлт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой" гэж Москва хотын дарга онцолжээ. 

 

Эргэн сануулахад, шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт анх 2019 оны 12 дугаар сард БНХАУ-д бүртгэгдсэн. Одоо вирусийн халдвар дэлхийн зуу гаруй оронд бүртгэгдээд байгаа юм. Хятадад энэ өвчний улмаас 3.1 мянган хүн нас барж, 59.9 мянган хүн эдгэрсэн бол халдвар авсан нийт тохиолдлын тоо 80.7 мянгыг давжээ.

 

Харин дэлхий даяар 110 гаруй мянган хүн халдвар авч, 3.8 мянган хүн нас барсан байна. Европ тивд халдвар аваагүй орон үлдээгүй бөгөөд гуравдугаар сарын 11-ний өглөөний байдлаар Герман улсад халдвар авсан тохиолдол 27-оор нэмэгдэж 1139 болжээ. Харин Европ тивд хамгийн хүнд нөхцөлтэй байгаа Итали улсад сүүлийн хоногт халдвар авсан тохиолдол 529-оор нэмэгдэж 10149 болсон байна.

 

COVID-19: Хөл хорионд орсон дэлхий

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин