О.Боргилыг найз бүсгүйгээ амиа хорлоход хүргэсэн буруутайд тооцож цагдан хорив
2020-03-12

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Тодруулбал Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байна.

 

Шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд боллоо. Шүүгдэгч О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.

 

Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

 

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

 

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал нөхөн төлөх талаар санал гаргаж, шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасан байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэснийг баримтлан шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар завсарлууллаа.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Боргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хха юу солиороод байгаан бээ
2020-03-16
зочин:
Tалийгаач охин анхнаасаа яах гэж хөгшин залуутай зууралдсийн..40 настай залуу насаа худлаа хэлж суусан гэсэн..
2020-03-12
Зочин:
Хха юу солиороод байгаан бээ