Л.Мөнхсайхан: Сонгуулийн хуулийн зарим заалт дээр Цэц маргаан үүсгэсэн
2020-03-12

Парламент өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20 –нд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталсан.  Энэ хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байсан юм.   Тэгвэл Цэцээс Сонгуулийн хуулийн тодорхой заалтууд дээр маргаан үүсгэжээ.  Энэ талаар өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхантай ярилцлаа.

 

-Сонгуулийн хууль­тай холбоотой асуудлаар ҮХЦ-ээс маргаан үүсгэжээ. Тухайлбал,  ямар заалтууд нь  хууль зөрчсөн гэж үзэв?

 

-УИХ-аас баталж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Сонгуулийн тухай хууль нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан.

 

Тухайлбал,  хуулийн 29 дүгээр зүйлд Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэдгийг зааж баталгаажуулав.  Энэ нь Үндсэн хуулийн гурван заалттай зөрчилдөж байна.   Нэгдүгээрт, иргэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг тунхагласан Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ.   Хоёрдугаарт , Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тусгасан иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийн тухай “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалттай нийцээгүй.  Мөн  Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэн хэрхэн хэрэгжүүлэх тухай заасан Үндсэн хуулийн 47 зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, хоёр дах хэсгийн “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөд байна.  Энэ асуудлыг Үндсэн хуулийн  Цэцийн гишүүн Д.Солонго хянаад маргаан үүсгэж  шийдвэрлэлээ. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал УИХ иар хэлэлцээд хүлээн авах, эс авах, ҮХЦ -ийн Их суудлын хурал хэзээ болохоос үл хамаарч уг хуулийн үйлчлэл түдгэлзэх юм.

 

-Мөн Үндсэн хуулиас гадна Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн тухай та гаргасан гомдолдоо дурьдсан байсан.  Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Тийм ээ.  Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ”гэсэн заалтуудтай шууд зөрчилдөж байна.  Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн тав дахь хэсэгт тусгагдсан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмыг алдагдуулсан хууль болсон.

 

-Өмнө нь энэ тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргаж байсан.  Тэнд юу гэж дүгнэсэн байдаг вэ?

 

-Цэцийн дүгнэлт 2008 онд гарсан нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  Гэтэл парламент дахин  Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчимыг уландаа гишгэсэн явдал юм. Тухайн үед гарсан дүгнэлтэд нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна” гээд “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж тухай хүний улс төрийн эрх буюу гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж үзсэн.  Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд  “ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ес дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцээс  түдгэлзүүлсэн. Энэ дүгнэлт одоо ч хүчин төгөлдөр байгаа.

Эх сурвалж: Polit.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Сонгуулийн хууль зовхон Энхбаярыг сонгуульд оруулахгуй байхын тулд гаргасаныг хун бур мэдэж байгаа, Харин УХЦэцийнхэн мэддэггуй юм болов уу, хошного илэгч Янхнууд нь
2020-03-13
Зочин:
Энэ унэхээр нэг хунд зориулан гаргасан шуу дээ цэц зов л шийдэх хэрэгтэй дээ хун бурт хууль тэгш уйлчлэх естой шуу
2020-03-12