Их хотын ХАВАР
2020-03-17

 

Ай хө зээ хө

Буурал аавын нутгаа хө... гэж эвлэгхэн, хоолой нийлүүлэн дуулах идэр насны хүмүүс... Тусгаар тогтнолын ордны урд  цэцэрлэгт тухлан тойрч суугаад ийн дуулахыг сонсож, зөрсөн хүн бүхний нүүрэнд инээмсэглэл тодорно.

 

Бидний нөгөө л хэлж заншсанаар архины хамааралтай болж   “Бөбөчид” нэрээр танил болсон хүмүүс.

 

Онцгой байдалд хоёр сар болж байна. Энэ хугацаанд бид эрүүл мэндээ бодож, төр засгийнхаа шийдвэрийг биелүүлж аль болох хөл хорио тогтоож, гэр, ажлын хоорондох жимээсээ хэтрэхгүйг хичээж ирлээ. Оюутнууд танхимаар хичээллэхээ больж цахимаар хичээлээ үзэж гэрээсээ ер гараагүй. Орон нутгийн оюутнууд харьцгаасан. Ингээд бодохоор их хотын гудамж “эзэнгүй хот”  мэт эль хуль болсныг хэн бүхэн анзаарсан байх.  Хөл хорионы энэ үед цагийн ээлжээр хавар хаалга тогшоод орж ирсэнийг анзаараагүй гэхээс илүүтэй мэдрэхгүй байгаа гэж хэлж болох юм.

 

Нар наашилж, цас хайлмаглан урсана. Бид хайлан урсах цасан дээгүүр дэгдэж, эс бөгөөс  туучин алхана.

 

Өнөөдрийг хүртэл бидний мэдэрсэн хавар

 

Гудамжаар хөтлөлцөн алхах залуу хосууд, инээд хөөр, баяр баясал, тоглоомын талбайгаар инээж гүйлдэх хүүхдийн цангинасан дуу. Хөдсөн дээлээ тайлж хөвөнтэй дээлээ өмсөнө. Үгүй ээ, ийн илэрхийлэх бус зузаан хүнд куртикаа тайлж нимгэн хөнгөн  куртикаар гангарна. Хажуу ангийн Баяраа, Дулмаа, Алимаа хайрын харц шидэлцэн биесээ шохоорхож зарим нэг романтик хөвгүүд хайрын захиагаа хамгийн сайн найз гэх шууданчаар дамжуулна. Хариуг нь хүлээж догдолно. Харин зарим нь  хайрын үгсээ орчин цагийн харилцааны чухал хэрэглээ болсон  чатаар илгээнэ. Ай хавар гэж мөн ч олон хүнийг догдуулж, нойрыг нь хулжаадагсан. Хайртай, сайртай улирал.

 

Хавар хаана байна?

 

Хавар хэзээд шинэ  төлийн цангинах дуунаар малчны хотонд ирдэг. Сэмжлэн нүүх үүлс, сүрлэг хөх уулс, тарлан харагдах газарт  бэлчих хонин сүрэг малчин хүүгийн харааны бяд шалгаж газрын өнгөтэй хосолно. Магад төллөх  мал сүүлдэж хоцроод үлдэхвий гэсэн дээ яаравчлан мордох малчин. Хаврын яргуй хөөж, хошууран сүргээ дагуулах ямаан сүрэг. Хаяанд ишиг, хурга майлалдан эхийн зүг тэмүүлнэ. Ингэж л хавар эх оронд минь ирдэг. Одоо ч цаг үеийн асуудлыг эс тоон монгол малчны хотонд хавар ирсэн байгаа.


Хөл хорионоос үүдэн  хол байгаа хосууд хамтдаа хайрын баярыг тэмдэглэхийг хүссэн ч талаар болсон. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр , Монгол цэргийн баяр, хайртынхаа төрсөн өдрийг хамтдаа угтахыг хүссэн ч олон хаврыг хамтдаа угтахын  тулд гэр гэртээ утасны цаанаас биенийгээ хараад  тайвширч суугаа залуус...  Хааяа боддог юм. Интернэт байгаагүй тэр цагт хосууд захиагаар харилцаж , захиагаа ч тэвчээртэй хүлээж өдөр бүрийг хэзээ захиа ирэх бол? гэсэн догдлол дунд өнгөрөөх нь жаргалтай юм шиг  эсвэл бүр зовлонтой ч юм шиг? Цаг үеэсээ  шалтгааж хэн нэгнийг хайрлахад ухаан шаарддаг ч юм шиг...

 

Хаврыг хайргүйгээр, түүнийг хөглөх дуу хөгжимгүйгээр төсөөлшгүй.

 

Энэ  хаврыг хайртай хосуудын хөтлөлцөн алхаж байхыг хараагүй болоод ч тэр үү өвөл хаврын дунд цаг хугацаа зогсчихсон  юм шиг санагдаж байлаа. Гэхдээ энх хавар ирсэн гэдгийг өнөөдөр л мэдэрлээ. Хаврын урь аль хэдийнээ орж хайлган цаг ирсэн гэдгийг халамцуу дуу хорших тэдгээр хүмүүс батална. 

 

Хайр,сайраа дагуулаад хавар их хотод минь иржээ залуусаа...

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин