Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор биеийн байдал хүнд нэг хүүхэд ирнэ
2020-03-18

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.18/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хэвлэлийн хурлын эхэнд манай Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн COVID-19 вирусийн албан ёсоор батлагдсан тавдахь тохиолдол бүртгэгдсэн. Лабораторийн молекул генетикийн шинжилгээгээр онош батлагдаж ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлан, голомтыг цомхотгон барьсан гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. 

 

Италид 24 цагийн хугацаанд шинээр 3526 халдварын тохиолдол бүртгэгдэж 345 нас барж нийт нас баралт 2500-г давжээ. ХБНГУ-д 2000 гаруй тохиолдол бүртгэгдэж нас баралт 9-өөр нэмэгдэв. Тус улсын хэмжээнд 500 гаруй хүн COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. АНУ-ын 50 мужид бүгдэд нь халдвар бүртгэгджээ.

 

Халдварын шинэ тохиолдол арлын улсуудад нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа Африкийн бүс нутгуудад халдвар эрчимтэй нэмэгдэж байна. COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс дэлхий нийтээрээ тусгаарлалтын дэглэмд шилжсэн. Айл өрхийн нэг л эрүүл саруул бие сайтай хүн гэрээсээ гарч хүнсээ цуглуулж, эмийн сан орж байгаа гэдгийг ДЭМБ-аас мэдээлэв.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 1337 иргэн хяналтад байна. Нэгдүгээр сараас хойш сэжигтэй гэж үзсэн 300 тохиолдлыг тусгаарлаж өнөөдрийн байдлаар батлагдсан таван тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 зорчигч ирэх урьдчилсан мэдээлэл байна. Эдгээр иргэнийг хүлээн авах эмнэлэг, зочид буудал, амралтын газруудыг бэлтгэж, бэлтгэл ажил хангагдсан. Урьдчилсан байдлаар Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор биеийн байдал хүнд нэг хүүхэд зорчиж ирэх мэдээлэл байна. Тиймээс яаралтай тусламж үйлчилгээг бэлтгэсэн" гэлээ. 

 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын эмч, эрдэмтэдтэй холбогдож цахим хурал хийх аж.Энэ хурлаар тус улсын зүгээс Ухань хотод ямар эм тариаг түлхүү хэрэглэв гэдгийг харилцан ярилцаж туршлага судлах юм байна. 

 

Иргэдэд халуурах, хуурай ханиалгах, цээжээр өвдөх, булчин өвдөх, бие сулрах шинж тэмдэг илэрвэл өрх, дүүрэг, сум аймгийнхаа эмнэлгийн утсанд хандаж зөвлөгөө авахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Shuud.mn
Сонин хачин