ВИДЕО: ЭЕШ-ыг сонгуулийн дараа зохион байгуулна
2020-03-20

 

Улсын онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

 

-Өнгөрсөн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой цахим хичээл явуулсан. Өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр зохион байгуулсан. Манай улс ЮНЕСКО-гийн гишүүн байгууллагын хувьд шийдвэрүүдийг уялдуулж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 194 орны 8 сая 90 мянган сурагч гуравдугаар сарын 30-ныг хүртэл сургалтын үйл ажиллагаагаа хаасан. Байдал ноцтой болоод байгаа. Хорио цээрийн дэглэмийн үед боловсрол, сургалтыг яаж явуулах талаар хамтарсан баг ажиллаад ирсэн. Бид дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хорио цээрийн хугацааг сунгахаар онцгой комисст санал оруулж байна.

 

Манай яамны зүгээс дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гаригаас хичээл эхлүүлнэ. ЕБС-ийн бага ангийг зургадугаар сарын 6-ны бямба, дунд, ахлах ангийг 13-ныг, цэцэрлэгийн  үйл ажиллагааг тавдугаар сарын 30 хүртэл хичээллүүлнэ. ЕБС-ийн элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-5-нд, их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 7-8-ны хооронд зохион байгуулахаар зохицуулалт хийж байна. ЕБС-ийн багш нарын амралтын 48 хоногт ямар нэг өөрчлөлт орохгүй. Спорт, соёл, урлагийн бүх арга хэмжээг бүрэн зогсоосон байгаа. Олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг онцгой нөхцөлд явуулна. Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн сургалт, семинар явуулахгүй.   Багш нарт сургалтын төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зааврыг яамнаас хүргүүлнэ гэлээ.

 

-Төлбөртэй сургуулиудын төлбөрийг буцаах асуудал яригдах уу?

 

-Төсвийн ерөнхийлөн захирагч нар асуудлыг шийдвэрлэх талаар чиглэл аван ажиллаж байна. Төрийн болон хувийн өмчийн байгууллагад хүндрэл гарч байна. Цэцэрлэгүүдэд хүүхэд яваагүй болохоор багш нарын цалин байхгүй. Сургуулиудад сурагчид төлбөрөө төлөөгүй учир багш нарын цалин байхгүй. Дээд боловсролын тухайд оюутнууд хичээлийн жилийнхээ хоёрдугаар хагасын төлбөрийг аваагүй байна. Багш нар онлайнаар хичээлээ заагаад байдаг. Гэтэл цалингаа авч чаддаггүй. Дээд сургуулиудын данс улайж байна. Тийм болохоор энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин