COVID-19: Канад Олимпд оролцохоос татгалзав
2020-03-23

 

Канад улс Токиогийн Олимп руу тамирчдаа илгээхээс сайн дураар татгалзсан талаар ВВС мэдээллээ. 


Титэм вирус дэлхий даяар дэгдэж, Олимпыг цуцлах эсвэл хойшлуулах талаар яригдаж байгаа энэ үед Олимпоос татгалзсан анхны орон нь ийнхүү Канад боллоо. Энэ талаар тус улсын Олимп болон паралимпийн хороо мэдэгджээ. 

 

"2020 оны Олимпод тамирчдаа илгээхгүй байх хүндхэн шийдвэрийг бид гаргалаа. Олон Улсын Олимпын Хороо, Олон Улсын Паралимпийн Хороо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагыг наадмыг нэг жилээр хойшлуулахыг уриалж байна. Ийнхүү хойшлуулсантай холбоотойгоор хүндрэл гарна гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа ч манай тамирчид болон дэлхий нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлаас илүү чухал зүйл үгүй" хэмээн Канадын Олимп болон Паралимпийн хороо мэдэгджээ.

 

Түүнчлэн хөл хорионы үед тамирчид бэлтгэл хийх боломжгүй, эрүүл мэндийн яамны зөвлөмжид нийцэхгүй хэмээн онцолсон байна.

 

Олимпын наадам 2020 оны зун болох ёстой ч дэлхий даяар тархсан титэм вирусийн улмаас тамирчдын төлөвлөгөө өөрчлөгдөж болзошгүй байна. Аюулт өвчний тархалтын улмаас олимп цуцлагдаж эсвэл хойшлогдож болзошгүй талаар олонтаа яригдсан бөгөөд Олон Улсын Олимпын Хороо наадмыг энэ жил зохион байгуулах эсэх шийдвэрийг дөрвөн долоо хоногийн дараа зарлахаар болжээ. 

 

Энэ хугацаанд дэлхий даяар титэм вирусийн тархалтын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг ажиглах аж. Харин Япон улс Олимп зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байгаагийн дээр хөтөлбөрийг танавал наадмыг хойшлуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ednii orond mongoliin 100 tamirchin nuhuj oruulaarai.
2020-03-24