COVID-19 дэлхий эдийн засгийг "сэхээнд оруулах" нь
3-31

 

 

Хятадаас эхэлсэн COVID-19 вирусийн халдвар дэлхий даяар тархаж, өнөөдөр манай гариг дээрх амьдрал яг л царцсан мэт байна. Мэдээж хэвийн амьдралдаа удахгүй орох ч  энэ нь дайны дараах хямралаас ч илүү өндөр өртөгтэй байна гэж шинжээчид өгүүлж байгаа юм. 

 

Барууны орнуудад цар тахал оргилдоо хүрээгүй байгаа бөгөөд энэ цар тахал хэр хугацаанд үргэлжилэхээс хүмүүс хэр ядуу амьдрах нь шалтгаална гэж эдийн засагчид үзэж байна. 

 

Гамшгийн цар хүрээний багцааг чинээлэг орнууд эдийн засгаа аврахын тулд хичнээн хэмжээний мөнгө амлаж байгаагаар гаргачихаж болно. Улс орнууд асар их тоо хэлсээр байгаа юм. АНУ хоёр их наяд доллар, Европ хагас их наяд долларыг эдийн засгаа аврахад зарцуулна гэсэн бол "Их хорь"-ийн орнууд төсвөөсөө таван их наяд долларыг өнөөгийн хямралтай тэмцэхэд зориулан гаргана гэж мэдэгдсэн. Энэ нь дэлхийн эдийн засгийн жилийн эзлэхүүний зургаа орчим хувийг эзлэж байгаа юм.

 

Аюулт өвчин дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар ВВС мэдээлснийг хүргэж байна. 

 

Хойшлуулашгүй зардлууд

 

ВВС агентлагийн мэдээлснээр, COVID-19 зарим орны эрүүл мэндийн салбарын гажуудлыг илрүүлсэн бол нөгөө хэсгийнх нь энэ салбарыг хэдийнэ сүйрүүлжээ. Нэн хойшлуулашгүй зардлууд чухамхүү энэ салбарт чиглэгдэж байгаа юм. Түр эмнэлэг барих, амны хаалт, тоног төхөөрөмж худалдан авах, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс гээд зардал асар их. Өнөөгийн дүйвээн намжмагц ихэнх орон цар тахлын үеэр илэрсэн эрүүл мэндийнхээ салбарын асуудлуудыг шийдэхэд ханцуй шамлан орох шаардлагатай болно гэж шинжээчид үзжээ. 

 

Гэхдээ эдийн засаг сэргэхгүй, хүмүүс, бизнес ажилтайгаа үлдэхгүй, татвар төлөхөө үргэлжлүүлэхгүй бол дээр өгүүлсэн зардлыг гаргах боломжгүй. Тиймээс нэн тэргүүнд эдийн засгаа тэтгэж, татаас олгон, татварын хугаацааг хойшлуулж, дүрэм журмыг зөөлрүүлж, шууд мөнгө тараах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм.

 

Барууны орнууд өвчтөнүүдийг эмчлэх болон вакцин гарган авахаас өөр юунд мөнгө заруулах шаардлагатай болсон бэ?

 

  • Дэлхийн бараг бүхий л орнууд үсчин, таксины жолооч зэрэг үйлчилгээний ажилтнуудад туслахаас ажлаа эхэлсэн бөгөөд буцалтгүй тэтгэмж, жижиг дунд бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөнгөлттэй зээл амлах болсон юм.
  • Мөнгө тараахаар амлав. Америкийн иргэн бүр 1200 хүртэлх ам.доллар авах бол Япон, Грекийн засгийн газар ч иргэддээ тэтгэмж олгоно гэж амлажээ.
  • Үйл ажиллагаа нь хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгохоор олон орон амласан. Үүнд аялал жуулчлал, агаарын тээвэр нэн тэргүүнд багтсан бөгөөд жагсаалтыг улс орон бүр өөрсдийн онцлогт тааруулан өдөр бүр нэмж өөрчилсөөр байгаа юм.
  • Татварын хугацаа хойшлуулах. Компани болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс хураах төлбөр, татваруудыг хойшлуулах шийдвэрийг дэлхийн олон орон гаргасан. Манай улс ч ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон юм. 
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлж, энэ тэтгэмжийг авах журмыг хөнгөвчилжээ. Тухайлбал Ирланд улс цар тахлын улмаас орлогогүй болсон хүн бүрт долоо хоногт 350 евро (монгол мөнгөөр нэг сая төгрөг) олгохоор болжээ.
  • Компани, хувь хүний зээлийн төлөлтийг хойшлуулжээ.
  • Хөл хорионы улмаас сул зогсохоос аргагүй болсон байгууллагуудын ажилтнуудын цалинг төсвөөс санхүүжүүлэх шийдвэрийг хэд хэдэн орон гаргасан байна. Тодруулбал, Чех, Нидерланд, Их Британи улс хувийн бизнесийнхний цалингийн зардлын 80-90 хувийг төрөөс санхүүжүүлэхээр амлажээ.
  • Ажилтнуудыг халалгүй, тэтгэмж олгон сул зогсоох зардлыг мөн л нөхөн төлөхөөр болсон байна. 
  • Францад сургууль, цэцэрлэгүүд хаагдсан тул хүүхдүүдээ асрах хоёр долоо хоногийн чөлөөг цалинтайгаар олгох болжээ. 
  • Швейцар улсад бага хурал болон бусад төрлийн арга хэмжээ тасалдсанаас үүдсэн алдагдлыг төрөөс нөхөхөөр болсон байна.

 

Шинжээчдийн онцолсноор, дээрх арга хэмжээнүүдэд олон их наяд доллар шаардагдаж, энэ мөнгийг ирээдүйгээсээ зээлэх бөгөөд харин  хойч энэ өрийг төлөх шаардлагатай болох гэнэ. Гэхдээ "хиймэл амьсгаа " хийлгүйгээр бизнес болон хүн ам энэ цар тахлыг даван гарахгүй гэдэг нь тодорхой. 

 

Ямар улс, хэдийг гаргахаар болов? 

 

Дэлхийн хамгийн чинээлэг орон болох АНУ COVID-19 халдвараар дэлхийд дээгүүрт багтаж эхэлсэн. Улмаар цар тахалтай тэмцэх болон тахлаас үүдсэн эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд АНУ багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон юм. 

 

Тодруулбал, АНУ-ын конгресс эдийн засгаа аврахаар хоёр их наяд доллар гаргасан. Хагас их наядыг том болон дунд бизнес, 350 сая долларыг жижиг бизнесийнхэн хөнгөлттэй зээл хэлэрээр авах аж. Америкчуудад бэлнээр 300 тэрбум ам.доллар тараах бол вирусийн улмаас ажлаа алдсан хүмүүст ч тэтгэмж олгохоор болжээ. 

 

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Европын холбоо хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хараахан тохиролцож чадаагүй байна. Гэхдээ Европын орнууд тус тусдаа эдийн засгаа аврахаар асар их мөнгө урсгаж байгаа гэхэд болно.

 

Герман улс 150 евро буюу ДНБ-ийнхээ 4.5 хувийг гаргаж,  шаардлагатай тохиолдолд хямралын эсрэг багцыг 800 тэрбум болгоно гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Германы эдийн засгийн дөрөвний нэг хувийг эзлэх юм.

 

Европ тивд  цар тахалд илүүтэй нэрвэгдсэн улс орнуудын нэг болох Франц улс ДНБ-ийнхээ 15 хувь буюу 350 тэрбум еврог хямралын эсрэг зарцуулахаар болсон бол Итали 25 тэрбум евро, Испани 10 тэрбум евро гаргахаар болжээ. 

 

Нидерланд улс ДНБ-ийнхээ хоёр хувь буюу 20 тэрбум еврог зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд гэхдээ энэ нь гагцхүү ойрын гурван сард зарцуулахаар төлөвлөсөн мөнгөн дүн юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
banknii huug bagasgaachee
2020-03-31