С.Бямбацогт: Шаардлагатай нөхцөлд чуулган амралтын өдрүүдэд хуралдана
2020-04-09

 

11:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж байна. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээ. Өнөөдөр 14:00 цагт хуралдаж, тус хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхийг УИХ-ын дарга үүрэгдлээ. 

 

 

 

10:30 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Онцгой нөхцөл байдлын үеэр гишүүд хуралдаандаа хэрхэн оролцох вэ? Асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй байна. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-УИХ-ын гишүүдийн үг хэлэх хугацааг 4 минут болсныг хоёр минут болгон багасгасан. Онцгой нөхцөл байдлын тухайд асуудлыг шуурхай  хэлэлцэн шийдвэрлэх талаар заалт оруулсан. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Онцгой нөхцөл байдлын үед амралтын өдрүүдээр хуралдвал яаж зохицуулсан бэ? Гишүүд Засгийн газарт төслөө хүргүүлээд хлээлцүүлэхэд хугацаа шаардлагатай юу? Ирц хүрэхгүй бол яах вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Онцгой нөхцөл байдлын үед хууль санаачлагач 72 цагийн дотор санал авч хүргүүлнэ гэж зааж байгаа. Ердийн нөхцөлд санал авах хугацаа 30 хоног байдаг. Хууль санаачлагач Засгийн газраас санал авах ёстой. Амралтын өдрүүдэд хуралдах боломжтой. 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

 

 

10:20 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. Цахимаар хуралдаж байгаа гишүүд тус тусын танхимын ирцээ УИХ-ын даргад мэдэгдэж байлаа. Тухайлбал, Их Засаг танхимаас 8 гишүүн ирэхээс 6, Үндсэн хуулийн танхимаас 10 гишүүн ирэхээс 4, Их жанжин Сүхбаатар танхимаас  17 гишүүнээс 8 гишүүн, Их эзэн Чингис хаан танхимаас 18 ирэхээс 8 гишүүн ирсэн ирцтэй байлаа. 

 

УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн дарга нар, хэлэлцэх асуудалтай холбогдуулан хууль санаачлагчид, байнгын хороодын дарга нь чуулганы танхимд сууж хуралдаж байгаа юм. Ингээд 41 гишүүний ирцтэйгээр чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. 

 

Ингээд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин