Улсын төсвийг тодотгох бус "царцаах уу"
2020-04-14

 

УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруй л хугацаа үлдлээ. Цар тахлын энэ үед сонгууль гэхээсээ  хүн бүр эрүүл мэндийг эрхэмлэж, ажилтай, орлоготой байхыг, ажлаас хэзээ дуудахыг, ажилтай байхыг чухалчилж байна.

 

Хэдийгээр манай улсын хувьд гаднаас ирсэн иргэдээс коронавирусийн халдвар илэрч, дөрвөн нь эмчлэгдэж,  бусад өвчтөнүүдийн биеийн байдал тогвортой, эмчилгээ зохиж байна гэсэн мэдээллийг эрүүл мэндийн салбарынхан өдөр бүр өгч байгаа. Гэхдээ л тайвширч, эрүүл мэнддээ хайнга хандаж хэрхэвч болохгүй,  болоогүйг цар тахал тархсан олон улсын байдал харуулж байгаа. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа байгууллагын ажилтнууд маскаа зүүж, халуунаа хэмжүүлснээр өглөөний ажлаа эхлүүлж байна. Цар тахлын үеийн энэ журмыг хувь иргэн, байгууллагаас эхлээд хууль тогтоох дээд байгууллага ч мөрдөж, хаврын чуулган нээлтээ хийсэн эхний долоо хоногт УИХ-ын Дэгийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулан баталж, цахимаар хуралдаж байна.

 

Засгийн газраас төсвөө тодотгохыг Ерөнхийлөгчөөс эхлээд улс төрийн намууд, бизнес эрхлэгчид, эдийн засагчид шаардаж байгаа. Гэхдээ энэ оны төсөвт тодотгол хийхгүйгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ гэсэн зарчимыг эрх баригчид барьж байгаа. Тиймээс ч эрх баригчид  төсвийг тодотгох бус "царцааж", сонгуульдах нь гэсэн хардлагыг дагуулж байгаа. Өдийд хөрөнгө оруулалт хийгдэж, их бүтээн байгуулалтын өрнөж эхлэх ид үе ч цар тахлын халдварын улмаас зогсонги байдалд байгаа. Улс үндэсний эрүүл мэндээ хамгаалж,  өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоож байгаа нь төр, засгаас хэрэгжүүлж байгаа үр дүнтэй, зөв ажлуудын нэг. Харин энэ үед улсын төсөвтөө тодотгол хийхгүй, улсын сангийн нөөц хөрөнгөөс тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь дээрх хардлагыг дагуулсан. Өндөржүүлсэн бэлэн байдал дахиад сунгагдахаар байгаа энэ нөхцөлд энэ оны бүтээн байгуулалтын ажил нэлдээ царцаж, дараа жилд шилжих магадлал өндөр.  Ямартай ч улсын төсвөөс ангид, нөөцөөсөө санхүүжүүлэн боловсруулсан эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг  УИХ-аас батлуулсан. 

 

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, иргэдэд хүлээлт үүсгээд байсан хууль, тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх горимоор баталлаа. Ингэснээр чуулганы хуралдааны танхимд УИХ-ын даргын зөвлөлийн  бүрэлдэхүүнд багтдаг УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн дарга нар, байнгын хороодын дарга нар сууж, бусад гишүүд Төрийн ордны хуралдааны танхимуудад хуваагдан сууж, цахимаар хуралдах зохицуулалт хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн  цахим хуралдааны явцаас гишүүд чуулганы танхимд дур дураараа попорч, чанга дуугаар хашгичих үзэгдэл хумигдсан харагдсан. Цаашдаа ч онцгой байдлын үед энэ дэгийг үргэлжлүүлэн мөрдөх юм билээ. Басхүү хаврын чуулганы эхэнд Засгийн газраас өргөн барьсан коронавирусийн үед эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх багц  хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа.

 

 Өчигдрөөс шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан нь багц асуудалд багтсан арга хэмжээнүүдээс  бодит ажил болж байгаагийн эхлэл. Гэхдээ энэ нь төр, засгийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг мөн ч нөгөө талаас олон улсад шатахууны үнэ буурсны үр дүн гэвэл үнэнд нийцнэ. Шатахууны импортоор авдаг манай улсын хувьд гадаад зах зээлд ханш нь буурсан ч дотооддоо үнэ нь нэмэгдэхгүй байхад л хангалттай гэдэг зах зээлийн зарчмаар өмнө нь явж ирсэн. Тэгээд ч энэ удаад шатахууны үнэ буурлаа гээд өргөн хэрэглээний барааны үнэ дагаж буурахгүй нь тодорхой. Хэрвээ шатахууны үнэ өссөн бол өргөн хэрэглээний барааны үнэ ханш зэрэгцээд тэнгэрт тултал нэмэгдэхээр байсан нь бас л үнэн. Тэгээд ч нөөцийн махны ханшийг төр тогтоож, түгээж байгаагаас бус бусад гурил, будаа, мах гээд өргөн хэрэглээний барааны үнэ өмнөхөөсөө өссөн харагдана лээ. 

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах багц асуудлын хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн.  Энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэхээр болж байна.  Өчигдөр Монгол банкны бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, хэрэглээний зээлийг 12 сар хүртэл хугацаагаар сунгаж байгаагаа мэдэгдсэн.

 

Үүнд төрийн болон байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь түр зогссоны улмаас орлого нь буурсан иргэдийн зээлээ хугацаанд нь төлж чадахгүй, “муу” зээлийн зэрэглэлд орохгүйг хичээж байсан иргэд энэ шийдвэрийг тун таатай хүлээж авсан. Харин нь багассан ч тасалдаагүй иргэд банкны зээлээ сунгаж байхаар цаг тухайд нь төлөхийг илүүд үзэж байгаа харагдсан. Ямартай ч санхүүгийн хямралтай энэ үед  банкны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, сунгах нь иргэдийн нуруун дээрх ачааг бага түр боловч хөнгөвчилсөн зөв шийдэл юм.

 

Эдүгээ олон нийт төрөөс аж ахуйн нэгжүүдэд хугацаатай олгох 200 мянган төгрөг ажилтнуудад хүртэх эсэхэд эргэлзсэн, лавласан, тээнэгэлзсээр байна. Ямартай ч хууль нь батлагдсан, холбогдох яамнаас журам нь гарвал аж ахуй нэгжүүд ч ямар бичиг баримт бүрдүүлэх, бүртгүүлэхээ шийднэ гэж чих тавьж байгаа. Маргаашийн Засгийн газрын хуралдаан дээрх асуудлыг шийдвэрлэж, иргэдийн эргэлзээг тайлах биз. 

 

Ийнхүү улсын төсвийн гаднах цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг давах төрийн бодлого иргэдээ хэр хүрч, өгөөжөө өгөхийг ирэх өдрүүдэд харах үлдлээ. 

 

 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
ТОДОТГОЛ:
ТӨСВИЙН ТОДОЛГОЛ ХИЙЖ ИРГЭДЭЭ МӨНГӨЖҮҮЛЭХ ЮМ ЯРИАД БАЙХЫМ. ХЭР ЗӨВ ЮМ БОЛ ДОО. ИРГЭДИЙГ МӨНГӨЖҮҮЛНЭ ГЭДЭГ ЧИНЬ Л АРИЛЖААНЫ 3 ТОЛГОЙ БАНКУУДДАА Л МӨНГӨ ТӨЛНӨ ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ.. ӨӨРӨӨР ЯАЖ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮҮ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР НЬ ДЭМЖЭЭД ТӨЛБӨРИЙГ НЬ ХИЙЧИХВЭЛ ХАРИН Ч ҮР ДҮНТЭЙ МӨНГӨЖҮҮЛЭЛТ БОЛМООР ЮМ ДАА
2020-04-14
Зочин:
За улсын тосовийг хурдан тодотгож зайлгуй хийх ажилаа хийхгуй бол сонгуулийн дараа монгогуй амаа барих бол хэн хариуцлага хулээх вэ тэр уед энэ засаг тор яваад л огно шуу дээ овчло улам л хурээгээ тэлэх янзтай шуу одооноос л шуурхай засаг тор ажиллах хэрэгтэй дээ
2020-04-14
ЗОЧИН:
ЮУН СОНГУУЛЬ ВЭ? КОРОНА НЭМЭГДЭЭД 30 БОЛЧИХООД БАЙХАД ДАА, МАНАЙ ГЭЖР БҮЛ ЛАВ СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ ШҮҮ??? ЭРТНЭЭС ЗАРЛАЧИХЪЯ, ЭРҮҮЛ БАЙХАА БОДОЖ БАЙНА. ЯДАЖ НААД КОРОНАГОО ЦӨӨРЧ, ХҮМҮҮС НЬ ЭДГЭРЭЭД ЭМНЭЛГЭЭС ГАРСАНЫ ДАРАА ЧАРТЕР НИСЛЭГЭЭ ХИЙГЭЭЧЭЭ??? ВИРУС ОРУУУЛЖ ИРСЭЭР БАЙГААД ДИЙЛЭХГҮЙ ШАХАМ БОЛЛОО, ОДОО ТЭГЭЭД ХАЛДВАР НЬ ТАРХЧИХВАЛ ЖИНХЭНЭ УТГААРАА ТАХАЛ БОЛНО ДОО, ЧАРТЕР НИСЛЭГЭЭ ЗОГСОО
2020-04-14