COVID-19: Японд амны хаалт үнэ төлбөргүй тарааж эхэлжээ
2020-04-17

Дөрөвдүгээр сарын 17-наас эхлэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилгаар оршин суугчдад олон удаагийн хэрэглээний даавуун амны хаалт үнэ төлбөргүй тарааж эхэлсэн талаар Kyodo мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүн ам хамгийн шигүү суурьшсан газраас эхлэн санаачилгыг хэрэгжүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Сэтагая дззрэг рүү 120 мянган амны хаалт хүргэсэн байна. Амны хаалтуудыг нэг өрхөд хоёр ноогдохоор тооцон шуудангийн хайрцагт нь хийж үлдээж байгаа гэнэ.

 

Япон даяар 50 сая орчим өрхийг амны хаалтаар хангахын тулд улсын төсвөөс 46,6 тэрбум иен /монгол мөнгөөр 1,1 их наяд төгрөг/ зарцуулсан байна. 

 

Угааж, дахин хэрэглэж болох даавуун амны хаалтыг тарааснаар Японд үүссэн амны хаалтны хомстлыг бууруулна гэж эрх баригчид үзэж байгаа гэнэ. Хэдийгээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хүртэл даавуун амны хаалт зүүх болсон ч мэргэжилтнүүд энэ төрлийн амны хаалт үр дүнтэй эсэх дээр зөрүүтэй байр суурьтай байгаа юм. Мөн амны хаалт тараах санаачилгыг Японы оршин суугчдын ихэнх нь шүүмжилж байгаа талаар Kyodo мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, Японд COVID-19 вирусийн халдварын тохиолдол 10 мянгыг давсан бөгөөд халдварын улмаас 203 хүн нас барсан. Улмаар нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Японд онц байдал зарласан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин