Шүүх танхимаас: Томчуудын тендерийн будилаан
2020-04-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнө нь авто ослын буруутан, залилан хийсэн этгээд, ааг омгоо барьж чадаагүйгээс амьдралд алдсан нэгэн, охиноо хаясан ээж, бусдын гар утсыг булаагаад зугтсан бүсгүйн гээд цөөнгүй шүүх хуралд сууж байв. Энэ мэт гэмт хэрэг үйлдсэн ардууд гэм буруугаа хүлцэн хүлээн зөвшөөрч, уучлал хүсэх нь элбэг. Харин эрх мэдэлтэй, дээгүүр албан тушаал хашиж байсан этгээдүүд ихэнхдээ буруугаа хүлээхгүй шүүх хурлыг хэдэнтээ товлуулж, шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулах нь бий. Ажлын байран дээрээ архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн Б.Махбал даргын хэргийг энд жишээлж болно.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.04.17/ Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Гэхдээ энэ нь гэм буруугийн шүүх хуралдаан бус урьдчилсан хэлэлцүүлэг.

 

Яллагдагч М.Энхсайхан “Би УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө яллагдагч болчихоод явж байна. Би огт буруугүй” хэмээн инээдээ барьж ядан хоржоонтой хэлсэн. Гэхдээ буруутай эсэхийг шүүх эцэслэн шийднэ. Шүүх хуралдаанаар яллагдагч М.Энхсайханыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020.04.23-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлов.

 

Монгол Улсын сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 онд М.Энхсайхан нь  "Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”, "Ухаа-Худаг-Гашуун-Сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслүүдийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их хурлын болон, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг зөрчсөн шалтгаанаар хуулийн байгууллагад шалгагдсан. Тэгвэл прокурорын байгууллагаас М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтуудыг харвал:

 

/19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

 

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

 

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

 

Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Л.Эрдэнэчимэг ахлагчтай Ажлын хэсгийн дүгнэлтэд “...Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг  анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна. Иймд Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай” гэж тодоор бичжээ.

 

Мөн тус дүгнэлтэд:

 

16.3 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна.

 

16.5  Консорциумтай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл Монгол улсад ашиггүй байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг бууруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, тус компанийн үнэ цэнийг бууруулж, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах боломжийг хааж байна.

 

16.7  Тавантолгойн ордыг ашиглах Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр замын концессийн Гэрээ нь Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангаагүй, Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодлоготой нийцэхгүй байна” гэжээ.

 

Таван жилийн өмнөөс эхлэлтэй “томчуудын” тендерийн будилаан хэрхэн сунжирч, хэзээ дуусахыг таашгүй. Ямартай ч ирэх пүрэв гарагт М.Энхсайхны гэм бурууг шүүх хэлэлцэнэ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголд олигтой эдийн засагч хуульч байхгүй учираас 30 жилд хөгжсөнгүй Энэ хэргийн тухайд 30 орчм хоноод өвчний учираас чөлөөлөгдөнө шүүх хурал хойшилсоор замхарч алга болно
2020-04-23
zochin:
xeden buzartai obgochuud baunaa yaj ed nar zaugaa tavyj xun shig zaulaachee shoron ch xaashaach xamaagyi
2020-04-18
zochin:
xeden buzartai obgochuud baunaa yaj ed nar zaugaa tavyj xun shig zaulaachee shoron ch xaashaach xamaagyi
2020-04-18
М.ЭНХСАЙХАН БОЛ ӨӨРИЙН БОДОЛТОЙ, ЗЭГСЭН ЧАДВАРТАЙ, БҮЛЭГЛЭЛ, ХОНГИЛ ҮҮСГЭДЭГГҮЙ, "ГАНЦААРДСАН ЧОНО" ЛУГАА ХҮЧИРХЭГ ЭДИЙН ЗАСАГЧ ШҮҮ ДЭЭ, ШУДАРГА ШҮҮХ , БАС ЦАГ ХУГАЦАА ХЭЛЭЭД ӨГНӨ ДӨӨ, АМЖИЛТ
2020-04-17
!!!!:
Za chi zailaa chinii bulihai ilchlegdsen muu ... !
2020-04-17