ОХУ-ын хил рүү орсон түймрийг бүрэн унтраажээ
2020-04-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ хээрийн түймэр гарчээ.

 

Түймэр Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлага 2020.04.15-ны өдрийн 12:40 цагт Онцгой байдлын албан ирсэн байна.

 

Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, 2020.04.19-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулж өчигдөр  16:00 цагт бүрэн унтраасан байна.

 

Мөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээг багийн “Бөгтөрийн нуруу” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 13 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 82 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 20 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 3 бүлэгт хуваагдан ажиллаж, 04.19-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж 04.20-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 358 га ойн талбай шатжээ.

 

Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн  ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин