Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “шинэчлэгдэх” парламент
2020-04-21

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ганцхан сарын дараагаар мөрдөж эхэлнэ. Энэ парламентын түүхэн ажлын нэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдаж 20 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар хууль санаачлагачид намрын чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсэг байгуулан ажиллаж, хаврын чуулган нээгдэхтэй зэрэгцэн өргөн бариад байгаа.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт парламентын засаглалыг сайжруулахад чиглэсэн гэдгийг хууль боловсруулагчид онцолж байсан. Тиймээс Үндсэн хуульд хууль тогтоох дээд байгууллагатай холбоотой дараах өөрчлөлтүүдийг оруулсан. Үүнд:  

 

-Өнөөдөр байнгын үйл ажиллагаатай парламентын чуулган 50-иас доошгүй хоног хуралдаж байгаа. Чуулганы хугацааг сунгаж, 75-аас доошгүй хоног хуралдахаар өөрчлөлт оруулсан юм.

 

-УИХ-ын  нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг.

 

-Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална.

 

-Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулах заалт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шинээр тусгаж өгсөн.

 

-Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

-УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.

 

- Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх заалтууд нь тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас мөрдөгдөх юм.

 

Гэхдээ хууль боловсруулагчид УИХ-ын болон Засгийн газарт холбогдох өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт журмын тухай хуульд зааснаар шинэ парламентаас мөрдөгдөнө гэсэн тайлбарыг дайж байгаа. Ямартай ч хаврын чуулган эхлээд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн  найруулгын төслийг өргөн бариад байна. Шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын зорилт, чиг үүрэг, УИХ-ын бие даасан байдлыг хангах,  УИХ-ын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргыг өөрчлөн найруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах,  УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх,   УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зүйл, заалтыг боловсронгуй болгох, гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд шинэ зохицуулалт нэмэх,  Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлох зэрэгтэй Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой заалтуудыг тусгасан.

 

Аль ч парламентын үед гишүүд хуралдааны ирц бүрдүүлэхэд хойрго ханддаг.  Өнөөдөр ч цахим хуралдааныг явуулахад ирц бүрдэхүй, товлосон хугацаанаасаа хойшилж эхэлдэг “журам” үйлчилсээр байгаа. Харин шинээр мөрдөгдөх  өөрчлөлтөөр хуулийг хэлэлцэн батлахад ирцийн босгыг нийт гишүүдийн олонхиор тусгаж өгсөн. Энэ нь гишүүдийг хуралдаанд идэвхитэй оролцуулахаас гадна хуулийн олон талаас нь хэлэлцэн батлахад  эерэг үр дүнтэй гэж үзэж байгаа юм билээ.  

 

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын даргаас М.Энхболдыг чөлөөлөхөөр гишүүд УИХ-ын тухай хуульд нэг заалт бүхий өөрчлөлт оруулсан.  УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх уг заалтыг нэг удаагийн, нэг хүнд чиглэсэн байж болохгүй гэсэн шүүмжлэл тухайн үед олон нийтийн дунд явж байлаа. Тиймээс энэ удаагийн УИХ-ын тухай хуулийн шинэчлэлд УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх заалтыг мөн тусгаж өгсөн байна. Түүнчлэн УИХ-ын гишүүд бол хууль санаачлах бүрэн эрхтэй. Харин хууль санаачлах эрхэд хязгаарлалт хийж, эдийн засаг, төсөвтэй холбоотой асуудлыг Засгийн газрын мэдэлд шилжүүлэхээр болж байна.

 

Энэчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шинэ парламент шинэчи лсэн хуулиар үйл ажиллагаагаа өрнүүлнэ. Парламентын засаглал хэр бэхжих нь хуулийн өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээс хойшхи хуанлийн хугацаа харуулах юм.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин