COVID-19: Москвад 22 мянган эмнэлгийн ор бэлдэж байна
2020-04-24

 

ОХУ-ын нийслэл Москва хотод COVID-19 вирусийн халдвар авсан хүн болон амьсгалын замын хурц өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ор нэмэж бэлтгэж байгаа талаар Москва хотын нийгмийн хөгжил эрхэлсэн орлогч дарга Анастасия Ракова мэдэгджээ. 

 

"Өнгөрсөн долоо хоногт дунджаар 1300-1400 хүн эмнэлэгт хэвтэж байсан бол өнөөдөр 1900-д хүрээд байна. Зөвхөн даваа гаригт гэхэд л 1800 хүнийг эмнэлэгт хэвтүүллээ" хэмээн Анастасия Ракова мэдэгдсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, энэ долоо хоногт багтаан улсын болон хувийн эмнэлгүүдэд 22 мянган ор нэмэлтээр бэлтгэхээр болжээ.

 

Москва хотын эрүүл мэндийн салбар бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа гэдгийг орлогч дарга онцлоод Оросын нийслэл өнөөгийн нөхцөл байдлыг даваад гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

"Өвчний хүндэрсэн тохиолдлыг бууруулахын тулд өнөөдөр Москва хотод өвчлөлийг эрт үед нь илрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна" хэмээн Анастасия Ракова мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, ОХУ-д COVID-19  вирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд нийслэл Москва хотод нь өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Орост халдвар авсан 62,5 мянга гаруй хүн байгаагаас 33,5 мянга гаруй нь Москвад байгаа юм.

 

Өнгөрсөн нэг хоногт Москва хотод 37 хүн аюулт вирусийн улмаас нас барснаар энэ хотод нийт 325 нас баралт бүртгэгдсэн байна. Харин Орос даяар энэ үзүүлэлт 592 байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
delxiin 2 tommdain yalsan uls ene zeregt budrexgyi dee
2020-04-24