С.Цэдэндамба: Улс төрийн албан тушаалтан хууль бусаар томилгоонд нөлөөлбөл өөрөө огцорно  
2020-04-27

-Төрийн нарийн бичгийн дарга нарыг есдүгээр сард чөлөөлнө-

 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбатай ярилцлаа.

 

 

-Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа боллоо. Уг хуульд төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт гэдгийг албан тушаалын тодорхойлолт гэж өөрчилсөн. Ингэж хоёр үг солихын ард зарчмын том өөрчлөлтийг авчирна гэж хууль санаачлагчид тайлбарласан. Энэ заалт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаагаас ярилцлагаа эхэлье?

 

-Төрийн албаны шинэ хуульд ажлын байрны тодорхойлолт гэдэг ерөнхий нэр томьёог өөрчилж, албан тушаалын тодорхойлолт болгосон. Албан тушаалын тодорхойлолтыг шинжлэх ухаан талаас нь тодотгож шинэ хуульд оруулснаар зарчмын цоо шинэ агуулгатай болсон. Үндсэндээ төрийн албан хаагчийн ажил үүргийг тодорхойлсон баримт бичиг нь албан тушаалын тодорхойлолт юм.

 

Шинэ хуулиар төрийн жинхэнэ албаны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албан зөвлөл /ТАЗ/ хянаж, зөвшөөрөл олгоно. Энэ бол  ТАЗ-д олгосон цоо шинэ үүрэг. Төрийн албан зөвлөлөөс зөвшөөрөл олгосон албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий албан тушаалтнууд албан ёсоор баталгаажуулж, шийдвэр гаргуулж мөрдөх ёстой. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны хуулийн 20 хувьд нь албан тушаалын тодорхойлолттой холбоотой заалтууд орсон. Тэгэхээр Төрийн албан шинэ хуулийн гол үзэл санаа, цөм нь албан тушаалын тодорхойлолт гэдэг ойлголттой холбогдоно.

 

Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг чухам ямар болзол шаардлага хангасан хүн хийж гүйцэтгэх вэ гэдгийг тодорхойлж өгснөөрөө цоо шинэ агуулгатай. Тухайн албан хаагчид тавигдах шаардлагыг хуулиар тодорхойлж өгсөн. Үүнд таван үндсэн шаардлага багтаж буй. Боловсрол, мэргэжил, мэргэшсэн байх,  туршлага, ур чадвар багтана. Эдгээрээс туршлага гэдэг дээр жишээ авч яръя. Ажил үүрэг гүйцэтгэхэд туршлага маш чухал. Тиймээс туршлагын заалтыг хуульчилж өгсөн. Хуульчилсан заалтууд албан тушаалын тодорхойлолтод бичигдэж байгаа. Тухайлбал, тэргүүн түшмэлийн албан тушаалтан буюу яам агентлагийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга болоход төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан байх ёстой. Энэ дундаа 8-аас доошгүй жил одоогийн горилж байгаа албан тушаалаас өмнөх албан тушаалд заавал ажилласан байх ёстой зэргээр ажлын туршлагыг зааж өгсөн. Ахлах, дэс, туслах түшмэлийн ангилал тус бүрт туршлага, мэргэжил, боловсролыг ялгамжтай зааснаараа ач холбогдолтой.

 

ТАЗ 2019 оноос хойш нийт дүнгээрээ 17100 орчим албан тушаалтны тодорхойлолтыг хянаж, зөвшөөрөл олгосон байна. Төрийн захиргааны  20 мянга орчим албан тушаал  байдаг бөгөөд 90 хувийг албан тушаалын тодорхойлолтой болгосон гэсэн үг. Цаашдаа шинэ болон сул орон тоо гарвал батлагдсан албан тушаалын тодорхойлолтын дагуу зөвшөөрөл олгогдоно гэсэн үг.

 

-Сонгуулийн үр дүнгээс хамаарч төрийн албанд нэлээд халаа, сэлгээ явагддаг. Үүнээс болж төрийн алба тогтворгүй байна гэж ярьдаг. Тэгэхээр албан тушаалын тодорхойлолтод тусгасан шаардлага нь төрийн алба улс төрөөс ангид, хэн нэгний нөлөө орохгүй байхад хамгаалалт болж чадсан уу. Ер нь ямар эерэг нөлөө гарна гэж харж байгаа юм бэ?

 

-Шинэ хуулийн нэг зорилго төрийн албыг тогтвортой байлгах. Үүний гол баталгаа нь албан тушаалын тодорхойлолт. Албан тушаалын тодорхойлолт нь төрийн албан хаагчийн хууль ёсны гол баталгаа юм. Тодорхойлолтод тусгасан шаардлагыг хангаж ажиллаж байгаа төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүнгээр, улс төрийн шалтгаанаар халах, чөлөөлөх үйл явц шинэ хуулиар хаалттай болсон. Энэ утгаар нь харвал эерэг үр дүн авчрах хүлээлт өндөр байгаа. Өмнө нь нэгд, албан тушаалын тодорхойлолтыг хуульчилж өгөөгүй. Хоёрт, томилох эрх бүхий албан тушаалтан нь тухайн албан тушаалын тодорхойлолтод юу байх вэ гэдгийг өөрөө мэдэж, бичдэг байсан учраас дуртай үедээ өөрчлөх нөхцөл бүрдэж байсан. Харин шинэ хуулиар ТАЗ-ийн зөвшөөрснийг томилох эрх бүхий албан тушаалтан өөрчлөх эрхгүй болсон.

 

-Хэрвээ томилох эрх бүхий албан тушаалтан тодорхойлолтын шаардлагыг хангаагүй, Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрлийн өөрчилж, өөрийн хүнээ албан тушаалд томилбол ямар хариуцлага ногдуулах вэ, тийм заалт бий юу?

 

-Зөвшөөрлийг өөрчлөх юм уу, эсвэл албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангаагүй хүнийг томилбол ямар хариуцлага тооцохыг Төрийн албаны шинэ хуульд маш тодорхой заасан. Тухайлбал, албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй хүнийг төрийн албанд томилбол тухайн шийдвэрийг хүчингүй болгох мэдэгдлийг ТАЗ-өөс томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээж авахгүй бол тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх нь ТАЗ-д олгогдсон. Хоёрт, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг дээд албан тушаалтанд тавих эрх оногдсон.

 

Мөн албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй хүнийг санал болгох улс төрийн нөлөөллийг хориглоно гэж хуульчилсан. Хэрвээ энэ хориглолтыг үл хайхран улс төрийн албан тушаалтан томилгоонд нөлөөлбөл энэ нь тухайн улс төрийн албан хаагчийг өөрийг нь огцруулах үндэслэл болно.

 

-Хэрвээ Засгийн газар албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй томилгоо хийвэл яах вэ, үүнийг хэн хянах вэ?

 

-Мөн л ТАЗ-өөс хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн харах тухай мэдэгдлийг хүргүүлнэ. Уг мэдэгдлийг Засгийн газар 14 хоногийн дотор хянаад ТАЗ-д мэдээлэх ёстой. Сонгуулийн үр дүнгээс хамаарч төрийн албан хаагчдыг өөрчилж, чөлөөлдөг явдлыг багасгах, ийм зөрчил гаргахгүй байхад шинэ хууль чиглэгдсэн. ТАЗ хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө ажиллаж байгаа.

 

-Шинэ хууль батлагдахаас өмнө төрийн албанд томилогдсон хүмүүс албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангаж байгаа юм уу. Өнөөгийн төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

 

-Энэ нэлээд ярвигтай асуудал. Албан тушаалын тодорхойлолт бол зөвхөн өнөөдрийн албан хаагчдад нөлөөтэй байхаас гадна ирээдүйд Монголын төрийн алба шинэчлэгдэж, өөрчлөгдөхөд зорилго нь чиглэгдэж байгааг хэлэх нь зүйтэй. Ирэх 10, 20 жилд өнөөдрийн хуульд тусгасан шинэчлэлүүд бүрэн дүүрэн хэрэгжих алсын хараатай хийгдсэн.

 

Өнөөгийн төрийн албан хаагчид хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаж байна уу гэвэл тийм биш. Учир нь, өмнө нь улс төрийн зорилго, сонгуулийн үр дүнгээр төрийн албанд халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт их хийгдсэн. Гэхдээ одоогийн албан хаагчдыг албан тушаалын шаардлагад бүрэн нийцэхгүй байна гэж ажлаас нь чөлөөлөх, өөрчлөх үндэслэл байхгүй. Хууль буцаж үйлчлэхгүй. Түүнчлэн, өнөөгийн албан хаагчдад энэ хуулийг мөрдөж эхлэхээс өмнө зохих хуулийн дагуу томилогдсон. Тиймээс одоогийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, сургаж, бэлдэж, чадавхжуулах замаар шинэ хуульд заасан шаардлагад нийцсэн төрийн албыг бүрдүүлэх зорилготой.

 

Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд албан тушаалын туршлагын шаардлагын 50 хүртэлх хувийг хангаж байгаа бол ажиллуулж болох зохицуулалтыг хуульд оруулсан. Энэ зохицуулалтаар өнөөдрийн албан хаагчид шаардлагыг бүрэн хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд бид хуулийн шаардлагыг бүрэн хангасан хүний нөөц, боловсон хүчин байвал түүнийг сонгон шалгаруулж, томилох бодлогыг барьж байна.

 

-Хуульд төрийн албанд 16 жил ажилласан хүнийг ТНБД-аар томилно гэчихээд бодит байдал дээр төрд ажлаагүй хүнийг томилох нь олонтаа. Одоогийн Төрийн нарийн бичгийн дарга нар ч энэ шалгуурыг хангахгүй байгаа шүү дээ?

 

-Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх хуулиар хоёр зүйлийг маш тодорхой болгосон. Нэгд, 2020 оны есдүгээр 1-нээс хууль батлахаас өмнө томилогдсон Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлнө гэж байгаа. Чөлөөлнө гэдэг нь дахин томилохгүй гэсэн үг биш. Шинэ хуульд тусгасан албан тушаалын тодорхойлолтын болзол шаардлага хангаж байгаа нь ажлаа үргэлжүүлээд ажиллаж болно. Харин болзол шаардлага бүрэн хангаагүй бол албан тушаалд нь нээлтэй сонгон шалгаруулалт явуулна. Орон нутгийн хувьд сумдын тамгын газрын дарга нарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаас нь чөлөөлж, хуульд заасан болзол шаардлага хангаагүй, өмнө нь томилогдсон хүмүүсийг чөлөөлнө. Суларсан орон тоонд сонгон шалгаруулалт зарлана. Сонгон шалгаруулалт зарлах үндэслэл нь албан тушаалын тодорхойлолт байна. Шалгуурт тэнцэх мэдлэг, ур чадвартай хүн томилогдоно гэж зохицуулсан. Бусад төрийн албан хаагчдад нарийвчилсан зохицуулалт хийгээгүй учраас албан тушаал дээрээ хэвийн ажиллана. Харин ажлаа хэвийн хийх эсэх нь тухайн хүний ажлын гүйцэтгэл, ур чадвар, ёс зүйн мэдлэгээс хамаарна гэдгийг заасан. Мерит зарчмыг хангаж байгаа нь ажиллаад, тэгж чадахгүй нь цэвэрлэгдээд явна. Төрийн албан хаагчийн шатлан дэвших зарчим улс төрийн өнцгөөс бус, гагцхүү ажлын гүйцэтгэл, үр дүн, ур чадвар, ёс зүй, хариуцлагаар хэмжигдэнэ.

 

-Шалгуур хангасан хүнээ томилно гэвэл ирэх жилүүдэд цөөн хэдэн хүн л нэлээд урт хугацаанд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах боломжтой гэж ойлгож болох уу?

 

-Ер нь тэгж ойлгож болно. ТАЗ-д төрийн албанд 16 жилийн ажилласан хүмүүсийн судалгаа бий. Үүнээс гадна Төрийн нарийн бичгийн дарга болох гэж байгаа хүн өмнө нь найман жил газрын даргаар ажилласан байх шалгууртай. Гэтэл ихэнх нь газрын дарга хийгээгүй байдаг. Ахлах мэргэжилтнээр ажиллачихаад тэрийгээ үндэслээд “би дарга болох байсан” гэж ярьдаг. Мерит зарчмын гол шалгуур нь шатлан дэвших заалт. Өнөөдрийн хувьд бүх шалгуурыг хангаж байгаа хүн байна уу гээд гарахаар тун цөөхөн. Цаг хугацааны хувьд олон жил тогтвортой ажилласан ч салбартаа, урирдаж байгаа хүмүүстээ хэрхэн үнэлэгдэв, стратегийн зорилго, зорилтоо хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдгийг харна. Тухайн салбараа хэрхэн удирдан чиглүүлж, бодлогоо хэрэгжүүлж чадсан уу гэдгийг хянана. Үүнийг хэрэгжүүлж чадаагүй хүнийг чөлөөлж, шалгуур хангаж байгаа дараагийн хүнийг сонгон шалгаруулах учиртай.

 

 -Шинэ хуульд төрийн албан хаагчдын сонгууль оролцох, нэр дэвших асуудлыг нарийн заагласан байсан. Сонгууль дөхөж байгаа үед дахин нэг сануулбал...?

 

-Улс төрөөс хараат бус төрийн албыг бүрдүүлэхэд хуулийн амин сүнс чиглэж буй. Иргэн хүн улс төрд байх уу, төрийн албанд байх уу гэдгээ нэг мөр сонго гэж байгаа. Өмнө нь дуртай үедээ улс төрд ороод, амжилт олохгүй бол эргээд төрийн албанд орчихдог хандлага үргэлжилж байсан. Үүнээс хамаарч төрийн албаны залгамж чанар, мэргэшсэн байдал алдагдсан. Төрийн албанд ажиллах явцдаа цуглуулсан тоо баримт мэдээллээ улс төрд ашигладаг. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлж улс төр, төрийн албан хоёрыг шинэ хуульд зааглаж өгсөн. Төрийн албан хаагч өөрөө сонголтоо хийгээд улс төрд орж байгаа бол төрийн захиргааны албанаас нэгмөсөн явах ёстой. Хэрвээ эргээд төрийн албанд орохоор бол төрийн албаны шалгалтаа өгөхөөс эхлээд бүгдийг эхнээс хийнэ.

 

Сонгуульд нэр дэвших үндэслэлээр чөлөөлөгдөж байгаа бол төрийн албанаас бүрмөсөн чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалттай болсон. Төрийн захиргааны албан хаагчид сонгуульд нэр дэвших бол ажлаасаа чөлөөлөгдөх хугацааг Сонгуулийн тухай хуульд заасан. Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж  байгаа төрийн албан хаагч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан ёсоор хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн байх ёстой. Орон нутгийн сонгуульд нэр дэвших бол тухайн орон нутгийн сонгуулийн жилийн наймдугаар сарын 1-нээс өмнө чөлөөлөгдсөн байх ёстой. Чөлөөлөгдөхгүйгээр сонгуульд  нэр дэвшинэ гэвэл нэгд, нэр дэвших эрх нь хаалттай болох талтай. Хоёрт, нэгэнт улс төрийн сонгуульд нэр дэвших ажиллагаанд оролцсон бол тухайн төрийн албан хаагч хүссэн хүсээгүй чөлөөлөх хуулийн зохицуулалтай.

 

Мөн төрийн албан хаагчийн хориглох зүйлсэд, улс төрийн сонгуулийн сурталчилгаа хийх, албан тушаалын хамааралгүй чиг үүргийг хэрэгжүүлэх, шашны үйл ажиллагаанд улс төрийн албан тушаалын үүднээс оролцох, хэвлэл мэдээллээр улс төрийн өнгө аястай байр суурь илэрхийлэх, аль нэг нам хүчин, нэр дэвшигчийг дэмжсэн, эсэргүүцсэн, шүүмжилсэн байр суурь илэрхийлэх зэрэг багтана. Хэрвээ үүнийг зөрчвөл хариуцлагаа хүлээж, ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

 

-Зарим улс төрийн албан тушаалтан төрийн захиргааны албан тушаалыг давхар хашиж байгаа тохиолдлууд байгаа шүү дээ. Жишээ нь, аймаг сумын ИХ-ын төлөөлөгч давхар агенлагийн дарга хийж байна. Энэ нь хууль зөрчигдөж байгаа зүйл биш үү?

 

-Төрийн албанд улс төрийн нөлөөлөл ороод байгааг илтгэх зарим төрийн захиргааны албан тушаал бий. Төрийн албан хаагч аймаг, сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод давхар дээлтэй яваад байгаа. Энэ  байдал нь төрийн албыг улстөржүүлэх нэг үндэслэл болж ирсэн. Үүний бодит илрэл нь өнөөдөр орон нутагт ИХ-ын төлөөлөгчдийн зарим нь төрийн захиргааны албан тушаал, тэр битгий хэл төрийн байгууллагын удирдах албан тушаалыг давхар хашиж байна. Өмнөх хуульд ийм зохиуцуулалт байсан. Мөн одоогийн дагаж мөрдөж байгаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуульд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 1/3 нь төрийн албан хаагч байж болно гэсэн заалт бий.  Энэ заалтын дагуу ИХ-ын төлөөлөгчөөр ажилласан хүмүүс давхар төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байна. Энэ нь шинээр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа. Тиймээс ТАЗ-өөс тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах саналыг хууль тогтоогчдод хүргэхээр ажиллаж байна. 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиас эхлэн зааглах чиг барьж ажиллаж байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Itoim.mn 

Shuud.mn
Сонин хачин
ЗГХЭГ-ын газрын даргаар Мөнхцэхэн гэж мэдлэггүй, ажлаа хийж чаддаггүй авгайг Баясгалан хууль бусаар томилсон.
2020-04-27
Зөв л байна:
Хууль бол зөв гарсан байна, одоо харин хэрэгжүүлэх л чухал байна. Төрийн албыг зомби нараас цэвэрлэх цаг аль хэдийн болсон шүү, ялангуяа, иргэдийг дарамтлаж чирэгдүүлдэг төрийн нэр барьсан луйварчдаас үтэр түргэн салах хэрэгтэй, үүнд танай Зөвлөл чухал үүрэг гүйцэтгэх юм гэж ойлголоо, амжилт хүсье
2020-04-27
ЗГХЭГ-ын газрын даргаар Мөнхцэхэн гэж мэдлэггүй, ажлаа хийж чаддаггүй авгайг Баясгалан хууль бусаар томилсон.