COVID-19: Михаил Мишустин халдвар авч, ОХУ "шинэ" Ерөнхий сайдтай болов
2020-05-01

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин COVID-19 вирусийн халдвартай хэмээн оношлогдсон талаар ВВС мэдээллээ. 

 

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Ерөнхий сайд энэ талаараа Ерөнхийлөгч Владимир Путинд видео хурлын үеэр  мэдээлсэн байна. Улмаар тэрбээр өөрийгөө тусгаарлахаар болсон бөгөөд энэ хугацаанд Ерөнхий сайдын үүргийг нэгдүгээр дэд сайд Андрей Белоусов гүйцэтгэхээр болжээ.

 

Мөн түүнийг өвдсөн хугацаанд Засгийн газар хэвийн ажиллах бөгөөд Ерөнхий сайд байнга холбоотой байна гэж Ерөнхийлөгчдөө мэдэгджээ. 

 

"Шинэ" Ерөнхий сайд хэн бэ?

 

Ойрын үед Оросын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэгдүгээр дэд сайд Андрей Белоусов ажиллах болов. Тэрбээр COVID-19 вирусээр халдварласан Михаил Мишустинийг орлох юм. Андрей Белоусов гэж хэн бэ?

 

Белоусов 2020 оны нэгдүгээр сард Мишустиний шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтжээ. Үүнээс өмнө тэрбээр долоон жил орчмын хугацаанд Ерөнхийлөгч Владимир Путины туслахаар ажиллаж байсан аж. 

 

Тэрбээр шинэ засгийн газар дахь цорын ганц нэгдүгээр дэд сайд юм. Андрей Белоусов эдийн засгийн хөгжил, үндэсний төслүүдийн хэрэгжилт, жижиг, дунд бизнесийн хөгжлийн хөтөлбөр, хөрөнгө оруулалт зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хариуцдаг юм байна. Тиймээс Мишустинийг эмчлүүлэх хугацаанд тэрбээр дэд сайд, ерөнхий сайдын үүргийг хослуулахын дээр эдийн засгийн хөгжлийн асуудлыг хариуцах бололтой. 

 

ОХУ-ын Regnum холбооны агентлагийн мэдээлснээр, Белоусов эдийн засгийн хөгжлийг "өвөрмөц байр сууриар хардаг" гэдгээрээ алдартай гэнэ. 2018 онд Белоусов томоохон 14 компаниас "илүү олсон орлого" гэгдэх 500 тэрбум рублийг хураах санал гаргасны улмаас Москвагийн бирж дээр хэдэн өдөр уналт үргэлжилжээ. 

 

Түүний энэ санал хэвлэлээр гарсны дараа зах зээл дээр уналт эхэлж, энэ саналыг хэрэгжүүлсэн тохиолдолд олон компани дампуурна гэж Оросын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбоо анхааруулж байлаа. Дмитрий Медведевийн засгийн газар энэ саналаас татгалзаж, бизнес эрхлэгчидтэй том төслүүдийг хөдөлгөх талаар тохиролцож байжээ.

 

Мөн энэ онд Белоусов эмнэлгийн үйлчилгээ авсны төлөө иргэдээс татвар авах, худалдаанаас татвар авах зэргээр татварын дарамтыг нэмэгдүүлэх санал гаргаж байсан гэнэ. Түүнчлэн нэмүү өртгийн татвар нэмэх санал гаргасан нь хожим биеллээ олсон байна.

 

Оросын эдийн засагчдын онцолсноор, Белоусов эдийн засгийг төрөөс зохицуулах ёстой гэж үздэг хүмүүсийн нэг бөгөөд Владимир Путины дэвшүүлсэн үндэсний төслүүдийн гол үзэл сурталчдын нэг гэнэ. Цар тахал дэгдэж, бизнесийн салбар хүндхэн үеийг туулж байгаа энэ нөхцөлд бизнес эрхлэгчдэд "таалагддаггүй" хүн Ерөнхий сайдын үүрэг түр орлон гүйцэтгэхээр болсон нь эдийн засагт ямар өөрчлөлт авчрах талаар Оросын эдийн засагчид байр сууриа илэрхийлсээр байна. 

 

" Андрей Белоусов нэгдүгээр дэд сайд байсан. Гаднаас томилогдоогүй. Тиймээс энэ нь эдийн засгийн өнөөгийн бодлогыг орвонгоор нь өөрчилнө гэж би бодохгүй байна" хэмээн Оросын "Альфа-банк"-ны ерөнхий эдийн засагч Наталия Орлова ВВС агентлагт ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, өнөөгийн засгийн газрын эдийн засгийн тусламжийн концепц нь нэн тэргүүнд томоохон компаниуд руу чиглэгдсэн байсан бөгөөд үүнийг Белоусов мэдэж байгаа тул бодлого өөрчлөгдөхгүй гэнэ.

 

"Манайд эдийн засгийн асуудлыг Белоусов хариуцаж байсан. Мишустин түүнийг зогсоож чадаагүй л болов уу. Сүүлийн хоёр сард гаргасан эдийн засгийн шийдвэрүүдийг Белоусов л гаргаж байсан. Нэгэнт бүрэлдсэн эдийн засгийг дэмжих тэр үзэл баримтлалыг Белоусов өөрлчөхгүй л болов уу даа" хэмээн "Локо-инвест" судалгааны хэлтсийн тэргүүн Кирилл Тремасов өгүүлсэн байна.

 

Оросын Эдийн засгийн сургуулийн санхүүгийн профессор Олег Шибановын үзэж байгаагаар Засгийн газрын дэмжлэг жижиг дунд бизнсе биш харин "үндсэндээ систщмийн компаниудад чиглэгдсэн" гэнэ. Тиймээс Ерөнхий сайдыг түр хугацаанд сольсноор юу ч өөрчлөгдөхгүй гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч гэж л оросоор бичсэн байсан даа.Яаж орчуулаад байгаа юм бол?
2020-05-03
ЗОЧИН:
Засгийн газрын дарга, тэргүүн дэд дарга гэж ярьдагаас бус тэргүүн дэд сайд гэж мэдэмхийрчээ. Даргыг эзгүй үед түүний нэгдүгээр ологч нь ажлыг нь хариуцахаас биш засгийн газрын шинэ тэргүүнийг томилоогүй юм.
2020-05-01
zochin:
Tvr gj bicheech malaa
2020-05-01