Д.Тогтохсүрэн: Сонгуулийн сурталчилгаа хэрхэн явуулах талаар УОК шийдвэр гаргана
2020-05-04

 

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.05.04/-ийн ээлжит хуралдаанаар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

 

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Д.Тогтохсүрэн “Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичгийг энэ долоо хоногт хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарч УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахлан ажиллаж байна. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг яаралтай шийдвэрлэх нь зөв гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн” гэв.

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “УИХ өнгөрсөн онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг өөрчлөлтөд Монгол Улсын Төрийн бодлого, хөгжлийн бодлого тогтвортой байна хэмээн хуульчилсан. Хөгжлийн бодлогод бусад бүх баримтууд нийцэж байх, урт, дунд, богино хугацааных хоорондоо, үндэсний хэмжээний бодлого бүс нутгийнхтайгаа, бүс нутгийнх нь орон нутгийн бодлоготойгоо, салбарынх нь салбар дундын бодлоготойгоо уялдаатай байхаар тусгасан. Үүнтэй холбоотой Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар батлах гэж байна. Засгийн газраас “Алсын хараа 2050” бодлогын бичиг баримтыг өргөн мэдүүлсэн. УИХ энэ долоо хоногт Үндсэн хуулийн дараа орох хамгийн том бодлогын бичиг баримтын анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.

 

Монгол төрийн эрхэм зорилго, хар хайрцагны бодлого болсон энэхүү бичиг нь Монгол Улсыг 2050 он хүртэл цаашид хэрхэн хөгжүүлэх чухал зүйл юм. Үүнтэй холбоотой УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын дэд дарга нар, бүх байнгын хорооны дарга нар, УИХ дахь намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулсан. Энэ хөгжлийн бичиг баримт нь зөвхөн МАН-ын 65 гишүүн УИХ-д суудалтай байх үед баталсан, оролцож хийсэн ажил биш юм. Засгийн газар ч мөн хөгжлийн бичиг баримтыг жил гаруй хугацаанд хэлэлцэж, батлахдаа эрдэмтэн судлаачид, намуудын төлөөлөл, Төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 1500 гаруй хүний оролцоотойгоор боловсруулсан” гэв.

 

2016 онд одоог хүртэл баримталж байгаа “Тогтвортой хөгжил 2030”-ыг баталсан. Түүнд суусан зорилго, зорилтуудыг “Алсын хараа 2050” бичиг баримтад тусгах талд ажлын хэсэг анхааран ажилласан байна. Ингэхдээ зарим нэг алдаатай заалтуудыг засч, залруулахыг хичээсэн гэдгийг онцолсон. Тухайлбал, ядуурлыг 2030 онд тэг төвшинд хүртэл буулгана гэсэн байсныг 2030 онд 15 хувь, 2040 онд 10 хувь, 2050 онд таван хувь болгох зорилт болгон өөрчилжээ. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ийг 2030 онд 17500 ам.доллар гэж байсныг тооцоолол хийснээр 2030 онд 12.000 ам.доллар, 2050 онд 38.000 байхаар тусгасан байна.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах бол?

 

-Сонгуулийн хуулиар нэр дэвшилт энэ сарын 10-16-ны хооронд явна. Манай намын Бага хурал 15-16-ны хооронд хуралдаж нэр дэвшигчээ эцэслэн шийдвэрлэнэ. МАН-д хагарал гэж байхгүй. Сонгуулийн өмнө ямар ч асуудалгүй эв нэгдэлтэй байгаа. Манайх нэр дэвшүүлэхдээ баримтлах хэдэн зарчим бий гэж манай намын дарга хэлсэн. Энэ зарчмын дагуу нэр дэвшигчдээ тодруулж байгаа.

 

-Сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

 

-Энэ жилийн сонгууль нөхцөл байдлын хувьд хүндэрч магадгүй байгаа. Коронавирусийн цар тахал хэвийн хэмжээндээ байвал сонгуулийн сурталчилгаанд нөлөөлөх зүйлүүд байгаа. Коронавирусийн эсрэг хуулийг УИХ баталсан. Энэ хуульд тодорхой хязгаарлалт хийж өгсөн. Засгийн газар, СЕХ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөлд сонгууль явуулбал сурталчилгаа хэрхэн явуулах, хязгаарлалтын дэглэм хэрхэн явуулах, хүн амыг сонгуульд ороход хязгаарлалтын дэглэм хэрхэн барих талаар СЕХ санал боловсруулсан байна лээ. Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан. Үүнийг Засгийн газарт танилцуулсан. Коронавирустэй холбоотой нэмэгдэж байгаа зардлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Сурталчилгаа хэрхэн явуулах вэ гэдэг нарийн зүйлүүд бий. Энэ чиглэлээр УОК тодорхой шийдвэр гаргана.

 

-Сонгуулийн зардал хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

 

-СЕХ дөрвөн тэрбум гэж зарлаж өгсөн байна лээ. Үүнийг Засгийн газраас гаргаад явах боломжтой гэж үзэж байна.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АРД түмэн сонголтоо хийчихсэн . Тэр алсын хараа ойрын хараа бидэнд огт хамаагүй .
2020-05-05
irgen:
yag ynen yunii chin2050 odoo hymyysiin amdral ., uls ornii baidal yamar baina…. yag odoo , oiriin ireeduid um hiij baigaa nam l heregtei
2020-05-04
Zochin:
Hamgiin emgeneltei ni namuudaas songuuliin moriin hotolboriig ni huleej avch duussanii daraa Alsin haraa 2050-g batlah gej bgaa ni sanaatai uildel uu. Ireh 4 jild ene bodlogo chin amilahgui ni gesen ug shuu dee.
2020-05-04