ХААН Банк хүүхдийн байгууллагуудад гацуурын төгөл байгуулж өглөө
2020-05-08

 

Ногоон хотын иргэн байх, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах, мод ургамал тарьж ургуулах дадал зуршил хүнд гэнэтхэн нэг өдөр бий болчихдоггүй. Мод арчилж ургуулж үзсэн, түүнийгээ ургаж байгааг харж мэдэрч өссөн хүүхдэд байгалиа хайрлах ухамсар сэтгэхүй төлөвшдөг билээ. ХААН Банк Сангаас нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүрийн хавар Үндэсний мод тарих өдрийг угтан “ХААН Банкны ой” хөтөлбөр хэрэгжүүлж, мод тарьдаг уламжлалтай бөгөөд хүүхдүүдэд багаас нь байгальтайгаа ойрхон байх, мод ургуулж арчлах, хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох үүднээс энэ жил хүүхдийн асрамж, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван байгууллагын эзэмшлийн газарт гацуурын бяцхан төгөл тус тус байгуулж өглөө.

 

ХААН Банк Сан 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол орон даяар банкныхаа салбар нэгжийн ажилтнууд, харилцагчдынхаа оролцоотойгоор нийт 23,000 ширхэг мод, бут тарьж эх дэлхийдээ өнгө нэмээд буй билээ. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, олон хүн нэг дор цуглуулах боломжгүй болсон учраас мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагатай хамтран “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн төв, Кристина Ноблийн хүүхдийн сан, “Нарны хүүхдүүд” 1, 2-р цэцэрлэг, “Ид шидийн орон-2” хүүхэд хамгааллын төвийн хашаанд тус бүр 30 гацуур мод суулгаж өгсөн байна. Халдварын эрсдэлээс сэргийлэх үүднээс мод тарих арга хэмжээнд хүүхдүүдийг оролцуулаагүй бөгөөд мэргэжлийн байгууллагын 2-3 ажилтан моднуудыг суулгаж, цаашдын арчилгаа, усалгааны талаар мэргэжлийн зөвлөгөөг тухайн байгууллагуудын багш нарт хүргүүлсэн юм.

 

 

Модыг тарьж суулгахаас илүүтэй шинэ хөрсөндөө дасан зохицох, байнгын усалгаа хийх, арчилж ургуулах нь хамгийн чухал байдаг. Тиймээс гацуурын цаашдын арчилгаа усалгааг дээрх төвийн багш нар, хүүхдүүд хариуцан авч явах юм. ХААН Банк Сангийнхан мод тариад орхих биш, хариуцах эзэнтэй байлгаж, арчлалт хамгаалалтад нь хяналт тавьж ажилладаг бөгөөд өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суулгасан 200 мод нь 100 хувь ургалттай байгааг тус хүрээлэнгийн ажилтнууд хэлж байна.

 

Үндэсний мод тарих өдрийг угтан ХААН Банк Сангаас ийнхүү хүүхдийн байгууллагуудад 120 гацуур суулгаж өгснөөс гадна орон даяар байрлах салбар нэгжийн ажилтнуудынхаа тусламжтайгаар тухайн аймаг сумдад нийтдээ 1000 гаруй мод тарьсан байна. Цар тахлын энэ үед төр засгийн байгууллагаас гаргасан тушаал шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас өгсөн халдвар хамгааллын зөвлөмжийг мөрдөн, дөрвөөс илүүгүй хүнтэйгээр мод тарих арга хэмжээг зохион байгуулсан гэдгийг тэд онцолж байна.

 

Та хэрвээ мод тарьж эх дэлхийдээ өнгө нэмэхийг хүсвэл мод арчилж, ургуулах тухай ХААН Банк Сангаас бэлтгэсэн дараах зөвлөмж видеотой танилцаарай.

 

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

Shuud.mn
Сонин хачин