COVID-19: ОХУ-д ажлын бус өдрүүдийг сунгаж болзошгүй
2020-05-11

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 11-ний өдөр Орос дахь COVID-19 вирусийн тархалттай холбоотой нөхцөл байдлаар зөвлөгөөн хийх бөгөөд энэ үеэр ажлын бус өдрүүдийг сунгах боломжтой эсэх талаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Өмнө нь, тавдугаар сарын зургааны өдөр болсон зөвлөгөөний үеэр Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова Орост коронавирустэй тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг таван үе шаттайгаар цуцлах төлөвлөгөөг танилцуулж байсан. Тэрбээр тусгаарлалтын хатуу горимыг цуцлах, иргэдийг хэвийн амьдралд шилжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх ажлыг аажмаар зохион байгуулах ёстой хэмээн онцолж байв.

 

Энэ үеэр Владимир Путин хязгаарлалтыг цуцлах тодорхой хугацаа хэлэхэд одоогоор хүнд байгаа хэмээн хүлээн зөвшөөрч байв.

 

Энд дуулгахад, ОХУ-д цар тахалтай тэмцэх хүрээнд хязгаарлалтын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхийн дээр анх дөрөвдүгээр сарын эхээр Владимир Путин иргэдийг дөрөвдүгээр сар дуустал цалинтай амраана гэж мэдэгдэж байлаа. Улмаар ажлын бус өдрүүдийг дахин сунгаж, тавдугаар сарын 12-ныг дуустал Оросын иргэд цалинтайгаар амрах шийдвэр гаргаж байв. 

 

В.Путин: Дайны дараах хамгийн хүнд сорилттой дэлхий нүүр туллаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин