ОХУ: COVID-19 халдвартай өвчтөнүүд хэвтэж байсан эмнэлэгт гал гарч, таван хүн амиа алджээ
2020-05-12

ОХУ-ын Санкт-Петербург хотын Выборгский дүүрэг дэх Гэгээн Георгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гал түймэр гарч, таван хүн амиа алдсан талаар Regnum агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ эмнэлгийн нэг хэсгийг COVID-19 вирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэх хэсэг болгон ажиллуулж байсан аж. 

 

Урьдчилсан мэдээллээр, гал түймрийн улмаас таван өвчтөн амиа алдсан байна. Гал мягмар гаригийн өглөө сэхээн амьдруулах тасагт гарсан бөгөөд аврагчид 150 хүнийг нүүлгэн шилжүүлсэн, гал түймэр хамарсан талбай 10 квадрат метр байсан гэж Оросын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

Интерфакс агентлагийн мэдээлснээр, амиа алдсан таван хүн COVID-19 вирусийн халдвартай хүмүүс байсан гэнэ. Уушгины хиймэл амьсгалын аппарат ачааллаа дийлээгүйн улмаас гэмтэл үүсч, улмаар гал гарсан байж болзошгүй гэж Интерфакс агентлагт нэгэн эх сурвалж өгүүлжээ.

 

"Галын голомт зургаадугаар давхарт байх сэхээн амьдруулах тасагт байгаа. Энэ бол шинэ төрлийн коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилдэг "улаан бүс". Тэнд уушгины хиймэл амьсгалын аппарат шатсан байх. Энэ аппаратуудын ачаалал маш их байгаа. Урьдчилсан мэдээллээр, аппаратууд ачааллаа даалгүй, дөл авалцан, улмаар гал гарах шалтгаан болсон байх" хэмээн эх сурвалж өгүүлжээ.

 

Шуурхай албаны өөр нэгэн эх сурвалж галын шалтгаан нь "цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтэл" байж болзошгүй хэмээн мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, Петербург хот коронавирусийн халдварын тохиолдлоор ОХУ-д гуравдугаарт бичигдэж байгаа юм. Даваа гаригийн байдлаар тус хотод 7711 тохиолдол бүртгэгдэж 56 хүн нас баржээ. 

 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн амралтын өдрүүдээр, коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй Москвагийн нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас нэг өвчтөн амиа алдаж, 200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эндээс сургамж авч манай ХӨСҮТ,Онцгой байдлын газар энэ төрлийн техник хэргэслэлийн аюулгүй байдал,урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй.COVID-19 өвчтний тасагт гал гарна гэдэг бол бактерлогийн бөмбөг дэлбэрлээ л гэсэн үг шүү.
2020-05-15