Б.Янжмаа: Япон улсын 39 муж орон нутгийн онц байдлыг цуцалжээ
2020-05-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

 

-Дэлхийд  АНУ, ОХУ, Испани, Их Британи, Итали, Бразил улсууд  халдварын нийт  тохиолдлын тоогоор тэргүүлсэн хэвээр байна.  

 

ОХУ:

Тус улсад сүүлийн  12 хоногийн туршид өдөрт 10 мянга гаруй тохиолдлоор нэмэгджээ. Өчигдөр 9900 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 252 мянга гаруйд хүрээд байна. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тал хувь нь нийслэл Москва хот орчимд бүртгэгдэж байгаатай холбогдуулан Москва хотын захирагч энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өдөрт 70 мянга орчим цаашдаа  сарын эцэс гэхэд өдөрт 100 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.  

 

Бразил:

Бразил улсад пүрэв гарагт 13944 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 203 мянга шахамд хүрсэн байна. Мөн өдөр 844 нас баралт нэмж бүртгэгдэн нийт нас барсан хүний тоо 14 мянгад хүрчээ.  Бразил улс халдварын тохиолдлын тоогоороо эхний зургаад бичигдэж байгаа бол Өмнөд Америк тивд эндэгдэл болон халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт бичигдэж байна.

 

БНСУ:

БНСУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээр пүрэв гарагийн байдлаар Сөүл хотын шөнийн цэнгээний газрын голомтод халдвараас холбоотой халдварын тохиолдлын тоо дахин 27-оор нэмэгдэж 133 болжээ.  Тус улсын нийт тохиолдлын тоо 11 мянга гаруй, нас баралт 260 байгаа.

 

БНХАУ:

БНХАУ-ын хэд хэдэн аймаг болон  засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конгд  халдвар сэргэж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан. Үүнтэй холбогдуулан иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг өргөтгөж эрчимжүүлэх замаар халдварын эх уурхайг түргэн илрүүлж тогтоох шаардлагатай байна гэж тус улсын эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдэгдэж байна. Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр  халдварын 6 тохиолдол шинээр илэрсэн. Түүнээс хойш Ухань хотын нийт 11 сая оршин суугчдыг  шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. Хонг Конгийн хувьд өчигдөр мэдээллэж байсан 66 настай эмэгтэйгийн гэр бүлийн хүн нь мөн халдвар авсан нь тогтоогдсон. Дээрх гурван тохиолдлын амьдардаг  орон сууцны хоёр  байрын нийт 860 гаруй оршин суугчдыг шинжилгээнд хамруулах ажил хийж байгаа аж. 

 

Япон:

Япон улсад үндэсний хэмжээнд тогтоосон байсан онц байдлыг хэсэгчилэн зарим улсад цуцлах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, халдварын тархалтыг тогтоон барьж цаашид тархаахгүй байх түвшинд хүргэж чадсан 39 муж орон нутагт онц байдлыг цуцалжээ.  Харин Токио бусад зургаан орон нутаг, мужид онц байдлыг хэвээр үргэлжлүүлж байгаа.Тавдугаар сарын 21-ны өдөр нөхцөл байдлын үнэлгээг дахин хийсний эцэст онц байдлыг цуцлах талаар дахин шийдвэр гаргана гэж байгаа аж. 

 

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс коронавирусийн халдвартай холбоотойгоор  гарч  болзошгүй хүүхдийн өвчлөлийн талаар эмч  нарт хандаж анхааруулга зөвлөмж гаргасан байна гэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Япон хэнд хамаатай юм бэ? Энэ авгайгаар мэдээ өгүүлдэгээ болиоч
2020-05-16