Цар тахлын эсрэг арга хэмжээ авахдаа алдаа гаргаснаа БНХАУ хүлээн зөвшөөрөв
2020-05-22

БНХАУ  коронавирусийн тахалд хариу үйлдэл үзүүлэхдээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Энэ талаар өнөөдөр нээлтээ хийсэн хууль тогтоох дээд байгууллагын чуулган дээр Төрийн Зөвлөлийн сайд Ли Көцян илтгэл тавихдаа мэдэгдсэн байна. 

 

Түүний өгүүлснээр COVID-19 вирус тархах үеэр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах салбар дахь онцгой байдлын удирдлагын олон сул тал илэрсэн гэнэ. Мөн зарим салбарт авилгал, хүнд суртал ноцтой асуудал хэвээр байгааг Көцян онцлоод зарим албан тушаалтнууд үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй эсвэл ажлаа гүйцэтгэх чадваргүй байна хэмээн буруутгажээ.

 

Хятадын Засгийн газар эдгээр асуудлуудад онцгой анхаарал хандуулан, төрөл бүрийн санаа бодол, хүн амын янз бүрийн давхаргын төлөөлөгчдийн саналыг тусгана гэж Ли Көцян мэдэгдсэн байна.

 

"Бид ажлаа сайжруулж, үүрэг хариуцлагаа биелүүлэн, ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд бүхнийг хийх ёстой" хэмээн Ли Көцян мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, COVID-19 вирус анх 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод дэгдсэн. Улмаар 2020 оны гуравдугаар сарын 11-нд энэ нөхцөл байдлыг цар тахал хэмээн ДЭМБ зарлаж байв.

 

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал нээлтээ хийлээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин