COVID-19: Австрид зочид буудлууд, дурсгалт газрууд нээгдэж байна
2020-05-29

Тавдугаар сарын 29-ний баасан гаригаас эхлэн Австрийн эрх баригчид зочид буудал, аялал жуулчлал болон амралтын объектуудын үйл ажиллагааг сэргээж, 100 хүртэлх хүнтэй олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрлөө. Энэ нь шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотойгоор гуравдугаар сараас авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүдийг цуцлах дөрөв дэх үе шат аж. 

 

Австрийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хоёр долоо хоног тутамд хязгаарлалтын арга хэмжээг шат дараатайгаар цуцлах бөгөөд энэ нь тахлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, байдлыг хянах боломжийг олгох гэнэ. Энгийн амьдралд шилжүүлэх үе шат бүхэнд хүмүүст эрүүл ахуйн горимыг сахих, хүмүүс хоорондоо нэг метрийн зай барих, байшин барилга дотор амны хаалт зүүхийг сануулж байгаа аж.

 

"Зочид буудал, амралтын объектууд болон усан сангууд тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа сэргээж болно. Энэ өдрөөс эхлэн 100 хүртэлх хүн оролцох соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой" гэж Эрүүл мэндийн сайд Рудольф Аншобер мэдэгджээ. 

 

Австрид хязгаарлалтуудыг цуцлах дөрөв дэх шат нь нийгмийн амьдралын ихэнх хэсгийг хамарч байгаа юм. Ингэснээр зочид буудал, усан сан, соё амралтын хүрээлэнгүүд, аялал жуулчлалын объектууд, фитнес төв, казино, автомат тоглоомын газар, спорт, соёлын арга хэмжээнүүд  эрүүл ахуйн шаардлагуудыг дээд зэргээр ханган, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа аж. 

 

Түүнчлэн долоодугаар сарын нэгнээс барилга байшин дотор 250 хүртэлх хүн, задгай талбайд 500 хүртэлх хүн  оролцсон соёлын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Харин наймдугаар сарын нэгнээс соёлын арга хэмжээнүүдийн оролцогчдын тоог 1000 хүртэлх болгон нэмэгдүүлэх аж. 

 

Ирэх сарын дунд үеэс коронавирусийн халдварын нөхцөл байдал аюулгүй улс орнуудаас жуулчин хүлээн авахын тулд хилээ нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Тухайлбал, зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ХБНГУ, Лихтенштейн, Швейцартай хиллэх хилээ нээхээр төлөвлөсөн бол үүний араас Унгар, Словак, Чехтэй хиллэх хилээ нээх гэнэ. 

 

Австри дахь тахлын нөхцөл байдал 

 

Коронавирусийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээгээ Австри улс дөрөвдүгээр сарын дунд үеэс шат дараатайгаар цуцлаж эхэлснээрээ хорио цээрийн дэглэмийг сулруулсан Европын анхны улс болсон юм. 

 

Тавдугаар сарын нэгнээс эхлэн тусгаарлалтын горимыг цуцалж, бүхий л дэлгүүр, үйлчилгээний газруудыг нээсэн. Харин тавдугаар сарын 15-наас эхлэн зоогийн газар, музей, үзэсгэлэн, амьтны хүрээлэнгүүд, спортын талбай, дунд сургуулиуд үйл ажиллагаагаа сэргээсэн юм. 

 

Өдөр тутам халдвар авсан тохиолдлын өсөлт 40 хувиас 1 хувь хүртэл буурсантай холбоотойгоор ийнхүү хөл хорионы арга хэмжээг сулруулж эхэлсэн байна. Тавдугаар сард COVID-19 вирусийн халдварын тохиолдлын өсөлт өдөрт 100 хүнээс хэтрэхгүй болжээ. Тавдугаар сарын 28-ны байдлаар Австрид 16 628 тохиолдол бүртгэгдсэнээс 15 286 хүн эдгэрч, 668 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин