Д.Нямхүү: Нэг оюутан эдгэрлээ
5-30

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 6 сая  23 мянган  хүн халдвар авч,  366 мянган хүн нас барж, 2,6 сая хүн эдгэрсэн бол 3 сая хүн эмчлэгдэж байна.  Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 122 мянган хүн шинээр өвчилж, 4 мянга  гаруй хүн нас барсан.  Манай улсад дөрвөн ажиглалтад шинээр орсон. Найман хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 1886  хүн ажиглалтад байна.  Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 4362  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  287 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 10 дуудлага ирсэн.

 

АНУ-д 21300 гаруй шинэ тохиолдол, 1265 гаруй нас баралт нэмж  бүртгэгджээ. Нас барсан нийт хүний тоо 101 мянга  гаруй болжээ. ОХУ-д 8572  шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 387600  гаруй болсон байна. 232 хүн эндсэн байна. Харин Бразил улсад 26900  гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 465 мянга гаруйд хүрээд байна.  Мөн өдөр 1124  хүн нас барж, нийт нас баралт 27877  гаруй болсон байна. БНСУ-д баасан   гарагт 39 тохиолдол нэмж бүртгэгджээ.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт  47 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Сайн мэдээ нэг оюутан  эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэрсэн  оюутан 48 хоногт эмчлэгдлээ. Алтанбулаг боомтоор орж ирсэн  24 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.  Манай нийт батлагдсан 179 байгаа бөгөөд үүнээс  эдгэрсэн 44 боллоо.  ХӨСҮТ-д нийт 165 хүн байгаа. Үүнээс  135 хүн  эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа 115 хүний биеийн байдал хөнгөн, 10 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д  250 хүн хүлээж авах бэлтгэл хангасан байгаа.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Энэ хөнгөн гээд байгаа хүмүүс ч ямар удаан эдгэдэг юм бэ. Ёстой муухай өвчин юмаа
2020-05-31