Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа, 10 хүн байртай боллоо
2020-06-09

 

 

Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин батламж гардууллаа.

 

 

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин: 

 

-УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр  "Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" гэсэн хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бүгдийг нь зааж  өгсөн. Түүнд эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг гаргах гэсэн заалт орсон. Үүний дагуу Засгийн газрын тогтоол гарсан. Мөн Ерөнхий сайдын захирамж гарсан. Захирамжинд энэ ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгаа. Миний ахалж байгаа энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд   Д.Сарангэрэл сайд нарын зэрэг 10 гаруй хүн  байна.

 

Та бүхэн маш их үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Манай улс дотроо коронавирус алдаагүй маш цөөхөн орны нэг. Манай улсад эрсдэл маш өндөр байгаа. Гэхдээ дотооддоо алдалгүй өнөөдрийг хүртэл явж ирлээ. Энд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нь манай эрүүлийг хамгаалах салбар  зэрэг холбогдох олон байгууллагууд байгаа. 

 

Монголын төр зүтгэсэн хүндээ, сайн ажилласан хүндээ, санаачилга гаргасан хүмүүсээ онцгойлон харж үзэх ёстой. Үүнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар санал нэгдэж байгаа. Цалин, урамшуулал, илүү цагийн мөнгийг бодож өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байна. Тиймээс эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад орон сууц олгох.

 

Бүрэн ашиглалтад орсон, чанар стандартыг бүрэн хангасан, үнэ бага  орон сууцыг аваад олгохоор шийдсэн.  Хаана ямар орон сууц байгаа талаар жагсаалт гарна. Та бүхэн батламжаа аваад орон сууцаа өөрөө сонгоно. НОСК-той эхлээд түрээсийн гэрээ байгуулна. Урьдчилгаа төлбөр уян хатан байна гэж тооцож байгаа гээд батламжийг гардуулж өглөө.

 

Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл:

 

-Орон байртай болохын аз жаргалыг мэдэрч явсан хүн. 1990 онд ОХУ-д сургууль төгсөөд ирсэн. Насанд хүрсэн мөртлөө аав ээжтэйгээ хамт амьдардаг байлаа. Тэр цагт хотын захиргаанаас телевизэд сайн ажиллаж байгаа уран бүтээлчид орон сууц  өгдөг сайн цагийн төгсгөлийн үе байлаа. Надад хотын захиргаанаас 18 мкв нэг өрөө байр өгсөн. Хуучин байр байсан ч өөрийн байртай болох сайхан байсан. Одоо тэр үе шиг сайхан байна. Энэ ажил  олон санаачилгатай сэтгэлтэй хүмүүсийн зүтгэлийн үр дүнд бий болж байгаа ажил. Монгол банкнаас 100 тэрбум төгрөг,  Засгийн газрын нөөцөөс 3,4 тэрбум төгрөг гаргаж  НОСК-оос зохион байгуулж гэрээ хэлцэл хийж ийм сайхан боломж олгож байна. Удаан хугацаанд ажил хэрэг болохгүй байсан зүйлийг маш богино хугацаанд ажил хэрэг болгосон Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд танд та бүхнийхээ өмнөөс талархал илэрхийлье.  Та бүхэндээ баяр хүргэе.

 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

 

-Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл сайд бүх хариуцаж ажиллаж байгаа  та бүхэнд ХӨСҮТ-ийн нийт баг хамт олныхоо өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.  Манай хамт олон 800 -аад хүнтэй хамт олон. Энэ дотор өөрийн гэсэн орон сууцгүй,  ах дүүгийндээ амьдардаг, байр түрээсэлдэг хүмүүс бий. Өөрсдийнхөө төлөө сар бүр мөнгө төлж байртай болж байна. Та бүхнийг хамт олон чинь сонгосон шүү. Хамт олондоо хариуг нь барьж эвтэй найртай сайн  ажиллана гэж найдаж байна. Өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа, 10 хүн байртай боллоо.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин