УНТЭ: “Автомат хэвлийн диализ” технологийг нэвтрүүлснээр өвчтөний амьдралын чанар дээшилсэн
2020-06-11

УНТЭ нь Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр болох  “Автомат хэвлийн диализ- APD” эмчилгээний технологи болон гемодиализ эмчилгээний “В буюу содын уусмал” –ыг орчин үеийн шийдэл болох хуурай хэлбэрээр хэрэглэж эхлээд байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар УНТЭ Бөөрний төвийн гемодиализийн тасгийн ахлах сувилагч Н.Наранцацрал болон хэвлийн диалиийн сувилагч  Г.Отгонцоожтой ярилцлаа.

 

Arslan.mn

 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. УНТЭ  Бөөрний төвийн Гемодиализийн тасагт  В буюу содын уусмалыг орчин үеийн шийдэл болох хуурай хэлбэрээр хэрэглэж эхэлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 

-Сайн байна уу. Манай эмнэлгийн Бөөрний төвийн Гемодиализийн тасаг нь бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн эмчилгээнд хэрэглэдэг содыг энэ оны нэг сараас эхлэн эмчилгээндээ нэвтрүүлээд байна.  2005 оноос өнөөг хүртэл бид гемодиализ эмчилгээндээ аппаратын загвараас шалтгаалж, содыг шингэн хэлбэрээр хэрэглэж байсан бол  өнөөдөр “В буюу содын уусмал” –ын орчин үеийн шийдэл болох хуурай хэлбэрээр хэрэглэх болсон. Гемодиализийн тасгийн нийт аппаратын 80 хувь нь хуурай содын уусмалаар эмчилгээ хийж байна. Хуурай содын давуу тал нь хадгалах хугацаа урт, нян  бактери үүсэх эрсдэлгүй,  аппаратны  хэвийн үйл ажиллагаанд үзүүлэх гаж нөлөө үгүй болж тээвэрлэхэд илүү тохиромжтой.

 

Arslan.mn

 

-Үүнээс гадна танай эмнэлэгт бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгчид “АВТОМАТ ХЭВЛИЙН ДИАЛИЗ “ эмчилгээний технологийг нэвтрүүлсэн байсан.

 

-Бид бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр болох  “Автомат хэвлийн диализ- “APD” эмчилгээний технологийг 2019 онд нэвтрүүлсэн.


Өмнө нь өвчтөн хэвлийн диализ эмчилгээний нэг төрөл болох Амбулатогийн Тасралтгүй Хэвлийн Диализ – “CAPD” эмчилгээнд харагдсан тохиолдолд өдрийн ихэнх цагийг эмчилгээндээ зарцуулдаг байсан бол “APD” технологийг нэвтрүүлснээр эмч, сувилагч, инженер, техникч нарын оролцоогүйгээр  эмчилгээг гэртээ шөнийн цагаар, амарч нойрсох явцдаа  /6-8 цаг/  хийх боломжтой болсон. Эмчилгээг эмч, сувилагч нар тухайн хүний биеийн жинд тааруулан машинд программчилж, хэвлийд байрлуулсан зориулалтын уян гуурсаар хордлого тайлах уусмалыг оруулж, гарган хийдэг.

 

Arslan.mn
УНТЭ Бөөрний төв, Гемодиализийн тасаг хэвлийн диалиийн сувилагч  Г.Отгонцоож
​​​​


-Өвчтөний амьдралын хэмнэлийг орвонгоор нь өөрчилнө гэсэн үг байна шү дээ. Үүнээс гадна хэвлийн диализын машины онцлог, давуу тал нь юу вэ?

 

-Хэвлийн диализыг өдөрт 3-4 удаа сольж, цагийн зохицуулалт хугацаа шаардаж хийгддэг бол автомат диализыг эмч нарын тусламжгүйгээр гэртээ, шөнийн цагаар, амрах хугацаандаа хийлгэх боломжтой. Өөрөөр хэлбэл өвчтөн унтаж байх үедээ эмчилгээгээ хийх боломжтой юм. Уг эмчилгээ нь зүрхний дутагдал бүхий өвчтөнд илүү зохимжтой бөгөөд хэвлийн урд хананд даралт учруулдаггүй тул ивэрхий үүсэх хүндрэл, зүрхний  дутагдал, судасны хүндрэл үүсэх нь бага. Үүнийгээ дагаад өвчтөний амьдралын чанар дээшилж, өдрийн цагаар сурч, хөдөлмөрлөх боломжтой болсон. Автомат хэвлийн диализын машиныг манай улсад одоогийн байдлаар 10 хүн  хэрэглэдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт долоон хүн, Улсын хоёрдугаар эмнэлэгт хоёр, Архангай аймагт нэг хүн хэрэглэж байна. 

 

-Тэгэхээр бөөрний  эмчилгээний чиг хандлага хэвлийн диализруу шилжиж байна гэж ойлгож болох уу?

 

-2018 оноос хойш маш олон хүн хэвлийн диализийн эмчилгээнд орсон. 2019 оноос Төв, Дорнод, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь аймгуудад тус эмчилгээ хийгдэж  байна. Гэвч аймгуудад аппарат, тоног төхөөрөмжийн хүрэлцээ маш багатай. Бөөрний дутагдал гэх өвчин жил ирэх тусам нэмэгдээд л байна. Харин гемодиализийн аппаратын  тоо хүрэлцээгүй хэвээр л байна.  Харин хэвлийн диализын эмчилгээ нэвтэрснээр хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой болсон.

 

-Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед ер нь ямар эмчилгээ хийдэг вэ? Иргэд  гемодиализын эмчилгээг л сайн мэддэг.

 

-Бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед бөөр орлуулах эмчилгээг хийдэг. Гемодиализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт дөрвөн цагаар гурван удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж сая эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог.

 

Иргэд хамгийн ихээр гемодиализын эмчилгээг хийлгэдэг. Тус эмчилгээ нь диализатор буюу цусны шүүлтүүрийн тусламжтайгаар хүний цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг (шээсийг) ялган авч цусыг цэвэршүүлдэг. Өөрөөр хэлбэл бөөрний үүргийг орлож байгаа юм. Ингэснээр бөөрний цочмог дутагдалтай өвчтөн хордлогоос гарч алдагдсан үйл ажиллагаа, бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд нь хэвийн болж, амь нас нь аврагдаж хэвийн ажиллагаатай бөөр сэргэж ирдэг.

 

Үүнээс гадна хэвлийн диализийн эмчилгээ. Хэвлийн диализ нь Гемодиализаас ялгаатай. Өвчтөний хэвлийн гялтан хальсыг шүүлтүүр  болгон ашигладаг юм. Хэвлийн хөндийд гуурс тавигдсан байдаг ба түүгээр хэвлийн хөндий рүү  уусмалаа хийдэг. Тодорхой хугацааны дараа энэхүү "шүүгдсэн шээстэй" уусмалыг сольж, шинийг хэрэглэн, дахин шүүлт явагдана. Уг уусмалд халдвараас сэргийлж антибиотик нэмнэ. Хэвлийн диализийн давуу тал нь шингэнийг зѳѳлѳн тогтвортойгоор гадагшлуулж, бѳѳрний нөөц үйл ажиллагааг хамгаалдаг.

 

-Олон хүмүүс гемодиализын эмчилгээг хийлгэдэг. Тэгвэл гемодиализаас хэвлийн диализ руу шилжих боломжтой юу?

 

-Гемодиализаас хэвлийн диализруу шилжих боломжтой. Манай улсын иргэд хэвлийн диализ эмчилгээнд зуун хувь үнэгүй хамрагдан тусламж үйлчилгээг авч байна.  Энэ эмчилгээ нь үр дүн маш сайтай байдаг.

 

Arslan.mn

 

-Танайд өдөрт хэчнээн хүн гемодиализын эмчилгээнд ордог вэ?

 

-Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар гемодиализын 25 аппарат ажиллаж өдөртөө 55-65 хүн гемодиализын эмчилгээ хийгдэж байна.

 

- Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь юу вэ?

 

-Бөөрний өвчлөлийн голлох шалтгаанд чихрийн шижин, цусны даралт ихсэх, амьсгалын замын өвчин, ханиад томуу, хоолойн архаг үрэвсэлт өвчин, шүдний өвчин их нөлөөлдөг. Мөн амьдралын буруу хэвшил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутуу авснаас бөөрний өвчлөл нэмэгдэж байна.

 

Зарим хүний дархлаа сул байдагтай ч холбоотой. Амьдрах орчин, хоол тэжээлээс шалтгаалж дархлаа сулардаг. Бөөрний өвчлөлийн шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл. Бөөрний түүдгэнцэр гэсэн оноштой бол эмчийн хяналтад байх ёстой. Гэтэл хүмүүс эмчилгээний хугацаагаа тогтвортой барьж чаддаггүй. Үрэвсэлтэй үеийг нь дарчихсан ч хяналтад орохгүй явсаар бөөрний дутагдалд орчихдог. Түүдгэнцрийн үрэвсэл үүсгэдэг гол шалтгаан нь амны эрүүл ахуй. Энэхүү өвчний 60-70 хувь нь амны эрүүл ахуйнаас шалтгаалж байна. 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. Өвчилсөн бүсгүйчүүд хүйтний улиралд дороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн аливаа бөөрний үрэвслийг эмчлэхгүй бол бөөрний дутагдалд орох аюултай. Бөөрний архаг өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөн бөөр орлуулах  эмчилгээнд хамрагдах болно. Нэгэнт бөөрний дутагдал гэсэн онош тавигдвал эргээд хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс бөөрний дутагдалд хүргэхгүй байх нь чухал. Оношийг зөв тогтоож, зөв урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэгвэл бид өөрсдийгөө энэ өвчнөөс бүрэн эмчилж, хамгаалж чадна.

 

-Хоол хүнсний зохисгүй хэрэглээ бас энэ өвчлөлд нөлөөлдөг байх?

 

-Нөлөөлнө. Тухайлбал давс ихтэй хоол байна. Бөөр нь цус төлжүүлэх эрхтнээс гадна даралтыг зохицуулж, шингэнийг тэнцвэржүүлдэг. Их шингэн уусан тохиолдолд их шээнэ. Хэрэв бид давс ихтэй хоол идвэл шингэн дутагдана. Шингэний тэнцвэр алдагдахад даралт ихэснэ. Цусны даралт ихсэхэд зүрхэнд ачаалал өгдөг. Хоёрдугаарт, өөх тостой хоол идээд их хэмжээний таргалалттай байвал судасны хатуурал үүсдэг. Бөөр нь судаслаг эрхтэн. Гэтэл таргалалттай холбоотой судасны ханан дээр өөхөн дуслууд наалдаж, судасны ханыг хатууруулдаг. Үүнээс болж даралт ихэсдэг. Тиймээс өөх тостой, шорвог хоол, архи дарс, буруу хооллолт энэ өвчнөөр өвчлөх бас нэг шалтгаан болно.

 

Ер нь ямар ч хүн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллож, амьдралын зөв хэвшлийг өөртөө, гэр бүлдээ бий болгох хэрэгтэй.

 

-Тэгвэл бөөрний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг ямар хүнс байдаг вэ?

 

-Бөөрний өвчний үе шатаас хамааран хоололтонд анхаарах зүйл байдаг. Ингэний хоормогыг уух нь бөөр төдийгүй биед сайн нөлөө үзүүлдэг. Мөн бөөрний цайг хэрэглэж сурах хэрэгтэй. Тухайлбал, Хөвсгөлийн Тайга цай нь дотроо нохой хошуу, тэхийн шээг зэрэг бөөрөнд дэмжлэг болох ургамлуудыг агуулсан байдаг. Манайхан шингэн бага хэрэглэж хуурай хоол их иддэг. Энэ нь бөөрний ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс шингэн зүйл сайн ууж бай гэж зөвлөмөөр байна.

 

-Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

 

-Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, өвчин хүндэрсэн тохиолдолд хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэсгэдэг. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий. Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал.

 

Бөөрний архаг өвчний эхний үе шатанд онцын шинж тэмдэг, зовиур  илэрдэггүй ч өвчний 3-р үеэс ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойргүйдэж эхэлдэг. Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно. Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдах зэрэг зовиур илрэхээс гадна  амнаас нь шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдаж амнаас нь үнэртэж байгаа нь тэр.

 

-УНТЭ-ийн Бөөрний төвийн үйл ажиллагааг товчхон танилцуулвал?

 

-УНТЭ  Бөөрний төв нь хөдөө орон нутгийн 21 аймаг болон УБ хотын бүх эмнэлгүүдэд нефрологи, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах, хяналт, гемодиализийн чиглэлээр   зөвлөгөө өгөх, боловсон хүчин бэлтгэх, тусламжийг үзүүлдэг “Сургалт арга зүйн төв” юм. 

 

Бөөрний төвөөр Гемодиализ эмчилгээнд-95 эмчлүүлэгч, хэвлийн диализ эмчилгээнд-35 эмчлүүлэгч, APD эмчилгээнд-10 эмчлүүлэгч эмчлүүлж байна. Нийт 132 эмчлүүлэгч байнгын хяналтад байдаг. Өдөрт гемодиализийн эмчилгээнд 55-65 өвчтөн ордог.

 

Бөөрний төв нь 10 их эмчтэй, 2-сувилахуйн багаар Бөөрний эмгэг судлалын тасаг болон гемодиализийн тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гемодиализийн сувилахуйн баг  нь  нэг ахлах сувилагч,  14 сувилагч, дөрвөн техникч, хоёр үйлчлэгчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
диализ гэдэг үг автомат гэдэг үгтэйгээ хорших биз дээ ... монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэдгээ болих нь зөв байх даа... жижиг гэлтгүй.
2020-06-11
зочин:
автомат хэвлийн диализ- нэршилийг арай өөрчилж болох уу хэвлийн автомат диализ
2020-06-11