COVID-19: Буриадын лам нар цар тахлын эсрэг долоо хоног ном хурна
2020-06-11

Буриад болон Алтайн лам нар коронавирусийн тархалтын эсрэг долоо хоног ном хурна гэж "Новости Горного Алтая" сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, лам нар бүтэн долоо хоногийн туршид бясалган, тасралтгүй ном хурах гэнэ. Энэ залбирал нь шинээр халдвар бүртгэгдэх тохиолдлыг цөөлж, өвчилсөн хүмүүсийг эдгэрэхэд тустай гэж лам нар өгүүлжээ.

 

Түүнчлэн лам нар Тувагийн хамба лам Жампел Лодойн эрүүл мэндийн төлөө залбирч, ном хурах гэнэ. Тувагийн хамба лам саяхан коронавирусийн халдвар авсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнийг хиймэл комд оруулсан гэж Тувагийн хэвлэлүүд мэдээлжээ. Хамба лам коронавирусийн халдвар авахаас өмнө тусгаарлалтын горимыг чандлан сахиж, хүмүүстэй харилцахаа дээд зэргээр хязгаарласан ч халдвар авсан байна. 

 

Энэ мэдээлэл гарсны дараа Оросын Буддын шашны тэргүүн Дамба Аюшеев сүсэгтнүүдэд хандан Тувагийн хамба ламын төлөө залбирахыг уриалж байв. Түүнчлэн Жампел Лодойн эрүүл мэндийн төлөөх залбирал, ном хурах ёслол Буриадын бүх хийдэд болох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Буриад Халимаг Тува Өвөр монгол гээд бусад Монгол туургатнууд сүжиг итгэл сайтай, шашин нь л уусахгүй байх дархлаа нь болно гэдгийг мэдэж байгаа
2020-06-12
esreg lol
2020-06-11