Д.Нямхүү: Гурван хүнд коронавирус илэрч, зургаан оюутан эдгэрлээ
2020-06-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  7 сая 575 мянган   хүн халдвар авч,  422 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  128 мянган хүнээр, нас баралт 4 мянга гаруй  хүнээр нэмэгдсэн байна. Манай улсад ажиглалтанд 17 хүн орж, 137 хүн ажиглалтаас  гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар  ажиглах байранд 1518  иргэн байна. Тусгаарлах байранд 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 100 иргэн байгаа. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5414  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  142 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3  дуудлага ирсэн.

 

АНУ-д 20000 гаруй шинэ тохиолдол, 834 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 30400 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгд байна.  Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  802800 гаруйд хүрээд байна.  Харин  нас баралт 40919 болжээ. БНСУ-д 56 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн зургаан  шинэ тохиолдол,  дотоодын нэг шинэ  тохиолдол бүртгэгдсэн  байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийлээ. 238 хүний шнжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор  зургаан хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,  Увс аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хоёр хүний давтан шинжилгээ,  Алтанбулаг боомтоор орж ирсэн 39 авто тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 181 хүний шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрлээ.

Сайн мэдээ зургаан  оюутан  эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр эдгэрсэн иргэдийн дөрөв нь Батлан хамгаалахын сургуулийн оюутан, хоёр нь Алтанбулаг боомтоор орж ирсэн оюутан байна. Эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр оюутан байна. Энэ удаа 27-29 хоног эмчлэгдээд гарлаа.

Манай нийт батлагдсан тохиолдол 197  эдгэрсэн тохиолдол  95 боллоо. Харин эмчилгээнд 102 хүн байна. Биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 11 иргэн байна.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Одоо олон түмнийг аймшигтай мэдээгээр айлган дарамталж өөрсдөө шоудахаа больвол яасан юм бэ? Халдвартад өнөө хүртэл дандаа хөнгөн тохиолдол л ирж байна. Вирусын эм уулгаад цуснаас нь вирус арилтал байлгаж байгаад л гаргаж байна. Яг хүнд тохиолдол буюу уушигны эмч нарын гар дээр очсон тохиолдол одоо хүртэл байхгүй шүү дээ.Олон түмнийг айдсаар дарамталж байгаад их юм хийсэн болж харагдаж, сонгуульд ялах зорилго л тавиаад байна уу гэж хардаж эхэллээ
2020-06-13