СТАТИСТИК: Эдийн засгийн голлох таван салбарын үзүүлэлт
2020-06-12

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн голлох таван салбарын үзүүлэлтүүдийг сүүлийн таван сарын байдлаар мэдээллээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

МӨНГӨ, ЗЭЭЛ

 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 5 дугаар сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 259.9 (1.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд валютын хадгаламж 1046.8 (35.7%) тэрбум төгрөгөөр, валютын харилцах 62.5 (2.7%) тэрбум төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 34.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.  

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 5 дугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.6 (0.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 795.6 (4.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.  Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 (51.2%) их наяд төгрөг нь иргэдийнх байна. 

 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 5 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 161.4 (12.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 324.6 (39.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн байна. 

 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 5 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.9 (5.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 2.3 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.

 

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны 5 дугаар сард 2797.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар суларсан байна.

 

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны 5 дугаар сард 393.69 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар суларсан байна.

 

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2020 оны 5 дугаар сард 38.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар чангарч, өмнөх сараас 3.6 хувиар суларсан байна.

 

ТӨСӨВ

 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 их наяд   төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 3.3 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.8 хувийг эзэлж байна. 

 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020  оны 5 дугаар сард 697.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 54.6 (8.5%) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 631.6 (65.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.

 

Улсын нэгдсэн төсвийн орлогын 85.7 хувийг татварын орлого, 8.1 хувийг татварын бус орлого, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлж байна.

 

Татварын нийт орлого 2020 оны эхний 5 сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 533.3 (14.9%) тэрбум төгрөгөөр буурахад бусад татвар, төлбөр хураамжийн орлого 116.2 (31.2%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 84.7 (10.4%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 62.8 (18.3%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 60.2 (8.1%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 23.5 (8.1%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

 

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний 5 сард  4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1116.4 (29.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Зарлагын өсөлтөд урсгал зардал 873.2 (27.3%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 301.8 (57.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон  нөлөөлжээ. 

 

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.5 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 3.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 4.3 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.1 хувиар  өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 6.8 хувиар буурсан байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард өмнөх оны эцсээс 2.4 хувиар өсөхөд  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 23.7 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 6.2 хувиар буурсан байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.2 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь,  эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 2.6 хувиар буурсан байна.

 

Инфляцын түвшин 2017 оны 5 дугаар сард 3.6 хувь, 2018 оны 5 дугаар сард 6.1 хувь, 2019 оны 5 дугаар  сард 8.0 хувь гарч байсан бол 2020 оны 5 дугаар  сард 3.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.7 пунктээр буурсан байна.

 

Инфляцын түвшин 2020 оны 5 дугаар  сард улсын хэмжээнд 3.3 хувь гарсны 1.3 нэгж буюу 39.4 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс, 0.8 нэгж буюу 24.2 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс, 0.5 нэгж буюу 15.2 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс тус тус шалтгаалсан байна.

 

Инфляц 2020 оны 5 дугаар сард 3.3 хувь гарсны 21.2 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 12.6 пунктээр буурсан байна.

 

Улаанбаатар хот:

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.6 хувь,  өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өслөө.

 

Аймаг:

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 1.2-6.0 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймагт 1.2 хувиар өссөн нь хамгийн бага, Дундговь аймагт 6.0 хувиар өссөн нь хамгийн их байна.

 

ГАЗАР ТАРИАЛАН

 

Улсын хэмжээнд 2020 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 375.1 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 325.3 мянган га-д, техникийн ургамал 21.0 мянган га-д, төмс 13.4 мянган га-д, таримал тэжээлийн ургамал 9.5 мянган га-д,  хүнсний ногоо 5.4 мянган га-д, бусад ургамал 0.5 мянган га-д тариалсан байна.

 

Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 1.9 (0.5%) мянган га-гаар буурсан байна. Ургамлын төрлөөр авч үзвэл, техникийн ургамал 9.3 (30.7%) мянган га, таримал тэжээлийн ургамал 3.4 (26.2%) мянган га-гаар буурч, харин үр тариа 7.2 (2.3%) мянган га, төмс 1.9 (16.7%) мянган га, хүнсний ногоо 1.1 (26.7%) мянган га, бусад ургамал 0.5 (73.9 дахин) мянган га-гаар  нэмэгдсэн байна.

 

АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 5 сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (27.3%) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.8 (34.6%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 230.3 (16.1%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 67.0 (12.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 5 сард урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (34.6%) их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолт 1.3 (59.6%) их наяд төгрөгөөр, газрын тос олборлолт 331.6 (78.9%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 113.6 (4.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2020 оны эхний 5 сард төмрийн хүдэр болон алт олборлолт өмнөх оны мөн үеэс 5.3-46.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, шохой, шингэн сүү, гурил, ус, ундаа, жүүс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8-23.0 хувиар тус тус өссөн байна. Мөн нүүрсэн шахмал түлш болон амны хаалтны үйлдвэрлэл 2020 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 3.9-18.7 дахин өссөн байна.

 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний 5 сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (34.9%) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2.6 (45.3%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 361.0 (17.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын борлуулалт 67.8 (12.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.6  (45.3%) их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.5 (68.9%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 752.0 (24.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлөв.

 

Нийт борлуулсан бүтээгдэхүүний 2.9 их наяд төгрөг буюу 53.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Shuud.mn
Сонин хачин