COVID-19: Тайланд хөл хорих цагийг цуцална
2020-06-12

 

Коронавирусийн тахалтай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээг сулруулах дөрөв дэх шатанд Тайландын эрх баригчид хөл хорих цагийг цуцалж, үйлдвэрүүдийг олноор нээх шийдвэр гаргасан талаар Коронавирустэй тэмцэх төвийн хэвлэлийн төлөөлөгч  Тхависин Висануйотхин мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.

 

"Хязгаарлалтын арга хэмжээг сулруулах дөрөв дэх шат зургадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ. Энэ талаарх шийдвэрийг өнөөдөр гаргалаа" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Мөн энэ хүрээнд 23.00-03.00 цагийн хооронд үйлчилж буй хөл хорих цагийг цуцлах хэдий ч онц байдлын горим хэвээр үргэлжлэх гэнэ. 

 

Хязгаарлалтуудыг хэсэгчлэн цуцалснаар олон улсын сургуулиуд, бусад хувийн хэвшлийн боловсролын байгууллагууд, хүүхдийн цэцэрлэг, ясли нээгдэх юм байна. Мөн зочид буудал, үзэсгэлэнгийн танхимуудад хурал, тоглолт, арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрчээ. Түүнчлэн зоогийн газар, зочид буудлуудад согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрсөн бөгөөд гэхдээ бар, уушийн газар, караоке одоогоор нээгдэхгүй аж. 

 

Энд дуулгахад, Тайландад коронавирусийн халдварын анхны тохиолдол  нэгдүгээр сарын 13-ны өдөр илэрсэн. Одоогоор халдварын нийт тохиолдол 3,1 мянга давснаас 2,9 мянга гаруй нь эдгэрч, 58 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин