Даши Намдаков төрөлх сууриндаа очиж, хүүхдүүдэд сийлбэр заана
2020-06-15

Оросын уран барималч, зураач, загвар зохион бүтээгч, гоёл чимэглэлийн дархан Дашин Намдаков төрөлх нутаг болох Өвөр Байгалын хязгаарын Укурик суурингаас холгүйхэн урлан байгуулахаар болжээ. Энэ тухай Өвөр Байгалын соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч Александра Добрынина сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

 

"Оросын алдарт уран барималч, Укурик суурингийн уугуул Даши Намдаков төрөлх нутагтаа соёлын цогцолбор байгуулах санаачилаг гаргасан. Энэ цогцолбортоо тэрбээр уран бүтээлээ туурвиад зогсохгүй хүүхдүүдэд чулуун сийлбэр, хүрэл цутгамал хийхийг заахын дээр томоохон олон улсын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Урлан нээж, түүний суурин дээр соёлын төв бүтээснээр суурингийн хөгжилд нөлөөтэй гэж Даши Намдаков өгүүлсэн" хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Даши Намдаков суурингаас зайдуухан Хилок голын эрэг дээр урлангаа байгуулах бөгөөд Москвагийн уран барилгын нэгэн товчоо барилгын загварыг гаргах юм байна.

 

"Залуу байхдаа дэлхийг байлдан дагуулахыг хүсдэг байлаа. Харин одоо үндэс угсаагаа бодож, төрөлх нутагтаа санаа тавих цаг ирсэн" хэмээн Даши Намдаков өгүүлжээ.

 

Укурик бол Чита хотоос баруун зүгт байх жижиг суурин юм. Энд зуу гаруй хүн амьдардаг бөгөөд ихэнх нь хөдөө аж ахуй болон гар урлалаар амжиргаагаа залгуулдаг буриадууд байдаг бөгөөд ажил эрхлэх боломж хомс байдгаас энэ суурин жилээс жилд хүнгүй болж байгаа гэнэ.

 

"Өвөр Байгалын хязгаарын удирдлага Даши Намдаковын санаачилгыг дэмжихээр шийдсэн. Эхний ээлжинд урлангийн загвар барилга баригдана. Үүнд 10 сая рубль шаардагдах бөгөөд энэ хөрөнгийг эдийн засгийн өсөлтийн төвийн нийгмийн хөгжлийн төлөвлөгөөт арга хэмжээний дүнд хэмнэсэн төсвөөс гаргана" хэмээн Өвөр Байгалын соёлын сайд Татьяна Цымпилова мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Орост төдийгүй дэлхийд нэрд гарсан уран барималч, Даши Намдаков 1967 онд Чита мужид төрсөн. Тэрбээр Санкт-Петербургийн Улсын Эрмитаж, Москва хотын Третьяковын галерей, Хятад болон бусад орнуудын музейд үзэсгэлэнгээ гаргаснаар дэлхий дахинаа алдартай болсон. Олон жилийн туршид Италийн Пьетрасанта хотод ажиллаж байгаа Намдаковын бүтээл дэлхийн олон орны музейд хадгалагддаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин