Л.Мөнхтүшиг: Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэг үйлдэнэ
2020-06-15

 

УОК-оос цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн тусгай үүргийн нислэг, авто замаар нийт 10020 иргэдийг өнөөдрийн байдлаар татан авсан байна. Энэ сард найман тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж байсан ч нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо, иргэдийн хүсэлт их байгаа учраас тусгаарлах байрын тоог нэмэгдүүлэх тал дээр ажилласны үр дүнд нислэгийн тоог нэмэхээр боллоо. Зүүн Өмнөд Ази-д  байгаа иргэдийг татаж авах тусгай үүргийн транзит зорчигч хүлээж авах нислэгийг энэ сарын 20-ны өдөр Сөүл хот руу хийхээр боллоо.

 

Энэ сард нийт есөн удаагийн нислэгээр 2300 орчим иргэдийг татан авахаар болж байна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрс эцэслэгдэж байгаа. БНСУ-ын тал манай улсын транзит зорчигчдыг хүлээж авахгүй байх шийдвэр гараад байсан ч Гадаад харилцааны яам, БНСУ-ын Элчин сайдын яам, Хууль зүйн яамтай яриа хэлэлцээр хийсний үр дүнд БНСУ-ын тал албан ёсоор зөвшөөрсөн.  Мөн БНСУ-ын талаас хүсэлт тавьж байна. "Манай улсын иргэд тусгай үүргийн нислэг хийх болгонд онгоцны буудал дээр  жагсаал цуглаан зохион байгуулж янз бүрийн байдлаар замбараагүй үйлдэл гаргаж  байна. Энэ асуудлыг анхаарч үзээч, иргэддээ анхааруулна уу, энэ үйлдэл үргэлжилсээр байвал дараагийн тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл авахад хүндрэлтэй  байх болно" гэж шат шатандаа  анхааруулж байна. Тийм учраас БНСУ-д байгаа иргэддээ анхааруулж байна.

 

Хилийн чанадад байгаа иргэд маань хүндрэлтэй байдалд орж байгаа талаар судалгаа хийж ирсэн. Иймд Турк улсад байгаа 5000 гаруй  иргэдэд  судалгаа хийж эмзэг бүлгийг тодорхойлж эдгээр иргэдэд хүнсний тусламж үзүүлэх ажлыг эхлүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар 168 өрхийн 580 гаруй иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Тухайн иргэдэд 7-10 хоногийн хүнсээ хангах хүнсний эрхийн бичиг  өгөх хэлбэрээр туслалцаа үзүүлж байна. Энэ ажил цаашид үргэлжилнэ.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин