COVID-19: Хятадын өөр нэг хотод дайны байдал тогтоов
2020-06-15

Бээжин хотод коронавирусийн халдвар дэгдсэний улмаас энэ хоттой зэргэлдээ орших Хэбэй мужийн Баодин хотод дайны байдал тогтоосон талаар хотын засгийн газрын цахим хуудас дээр мэдээлжээ. 

 

COVID-19 вирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр халдварыг тархаахгүйн тулд "дайны үеийн механизм"-ыг нэн яаралтай хотод хэрэгжүүлэх гэнэ. Баодин хот Бээжинтэй хөрш зэргэлдээ оршдог тул нэн сэрэмжтэй байх ёстойг хотын эрх баригчид цохон тэмдэглэсэн байна. Мөн оршин суугчдыг эрүүл мэнддээ анхаарч, хамгаалалтын хэрэгсэл ашиглахын дээр "Халуурч, ядрах зэрэг бусад шинж тэмдэг илэрвэл эмчид хандах"-ыг уриалжээ.

 

Эргэн сануулахад, 56 өдрийн туршид нэг  ч халдвар бүртгэгдээгүй байсан Бээжин хотод томоохон захаас халдварын голомт илэрсний дараа энэ хотод дайны үеийн дэглэм хэсэгчлэн тогтоосон юм. Улмаар захын ойролцоох 11 орон сууцны хорооллынхон гэрээсээ гарах эрхгүй, өөрсдийгөө тусгаарлах шаардлагатай болжээ. 

 

Энд дуулгахад, дайны байдал нь онц байдлаас ялгаатай. Гол ялгаа нь онц байдлын үеэр иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарладаггүй. Мөн дайны байдал зарласан үед хөл хорих цаг тогтоох бөгөөд  энэ нь гагцхүү шөнө байх албагүй, хоногийн ямар ч цагт хөл хорих цаг тогтоож болдог. Хотоос гарах, хот руу орох онцгой горим тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, гагцхүү зөвшөөрөлтэйгээр зорчих хөдөлгөөн явагдахын дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглодог юм. Дайны байдал тогтоосон үед согтууруулах ундаа худалдахыг хориглож, тоглолт, баяр ёслол болон бусад олон нийтийн арга хэмжээг хориглож, сонин сэтгүүл, хэвлэлд хатуу хяналт тогтоодог аж.

 

COVID-19 дахин тархах өндөр эрсдэлтэй байгааг Бээжин анхаарууллаа

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин