370 өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулна
2020-06-16

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцлээ.


Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрын 300 орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны 70 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах танилцуулгыг Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар танилцууллаа.

 

НОСК-иас иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлуудыг үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээндээ “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх гурван байрыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэх асуудлыг судлажээ. Судалгааны дүнг танилцуулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаарны 120 өрхийн 112 нь түрээслээд өмчлөх хэлбэрийг зөвшөөрсөн байна. Тиймээс холбогдох албаныхан нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан түрээсийн орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрт оруулснаар зорилтод бүлгийн иргэдийг өөрийн өмчлөлийн хямд өртөгтэй орон сууцаар хангах боломжтой гэж үзжээ.

 

Орон сууцуудыг 15 жил хүртэлх хугацаатайгаар түрээслээд өмчлөх зохицуулалт НОСК-иас хийжээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн орлогодоо нийцүүлэн төлөх хугацаагаа сонгох боломжтой. Тодруулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байранд амьдарч буй иргэд түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлснээр иргэд байрныхаа талбайгаас хамаараад таван жилийн хугацаанд сард 410-710 мянган төгрөг төлөөд байраа өмчлөх боломжтой аж. Эсвэл 10 жилийн хугацаанд сар бүр 280-410 мянган төгрөг төлж, өмчлөх боломж мөн бий ажээ. Харин Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны оршин суугчид сард 632-996 мянган төгрөг төлөөд таван жилийн дараа байраа өмчлөх боломжтой. Өрхийн орлогодоо нийцүүлэн хугацааг 10 жил болговол сард 365-576 мянган төгрөг төлж болно. Эсвэл иргэд төлбөрөө урьдчилан төлөх боломжтой гэдгийг НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэллээ. Тэрбээр “Дээрх байрнуудыг төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан учраас төлбөрт хүү бодохгүй. Төвлөрч буй хөрөнгөөр эргүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Цаашид иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэсэн юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “НОСК-иас танилцуулж байна, түрээсийн орон сууцанд айлууд дамжин өнгөрөх зарчмаар амьдардаг учраас ашиглалт муудаж байгаа гэж. Эдгээр айлуудад байрыг 2013, 2014 онд олгосон байдаг. Нэг талдаа байрны ашиглалтыг сайжруулах хүрээнд, мөн иргэдийн хүсэлтийн дагуу түрээсийн байрыг өмчлүүлэх нь зөв ажил юм. Түрээсийн байрыг өмчлүүлснээр цаашид энэ мэт байрны эрэлт нэмэгдэнэ. Тиймээс та бүхэн тодорхой ажлыг зохион байгуулаарай” гэсэн юм.

 

Тэргүүлэгчид хэлэлцээд 370 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэхийг дэмжиж, тогтоол батлав. Ингэснээр 370 өрх орон сууцтай болох боломж бүрдэв.


Ташрамд, Нийслэлийн орон сууцны санд 1900 орон сууц байгаа аж. Өнгөрсөн онд түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцтай болгох ажлыг эхлүүлж, 300 өрхийг орон сууцтай болгосон. Тэгвэл өнөөдөр нэмж 370 өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд оруулах ажлыг эхлүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

Shuud.mn
Сонин хачин