ОХУ: Нэхэн дурсах, харуусан эмгэнэх өдрийг тэмдэглэв
2020-06-23

Зургадугаар сарын 22-ны өдөр ОХУ  даяар "Нэхэн дурсах, эмгэнэн харуусах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 79 жилийн тэртээх энэ өдөр Аугаа их Эх орны дайн эхэлж байсан юм. 

 

Тодруулбал, 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт, хамгийн их цус асгаруулсан Аугаа их эх орны дайн эхэлсэн түүхтэй. Энэ дайн 1418 хоног үргэлжилж, 27 сая гаруй хүний амь насыг авч одсон юм. 

 

Энэ жил "Нэхэн дурсах, эмгэнэн харуусах өдөр"-өөр анх удаа Орос даяар нэг минут дуугаа хураан эмгэнэл илэрхийлсэн байна. Москвагийн цагаар зургадугаар сарын 22-ны 12:15 цагт (Улаанбаатарын цагаар 17:15) бүхий л радио, телевизийн суваг түр зогсон, улс орон даяар дуугаа хураан дайны талбарт амиа алдаж, ар талд ялалтын төлөө тэмцэж байсан бүхний гэгээн дурсгалыг хүндэтгэжээ. Одоогоос 79 жилийн тэртээ зургадугаар сарын 22-ны 12:15 цагт радиогоор фашистын Герман ЗХУ руу дайрсан талаар Молотов зарлаж байсан аж. 

 

Энэ өдөр Орос даяар "Дурсгалын лаа" арга хэмжээ зохион байгуулагдаж, зургадугаар сарын 22-нд шиожих шөнө улс орон даяар олон мянган лаа асаажээ. Харин энэ жил цар тахлын улмаас хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ үйлчилж байгаа тул ахмад дайчдыг оролцуулалгүй, сайн дурынхан лаа асан амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн байна.

Крымийн эрэг дээр дайн үргэлжилсэн өдрүүдийн тоотой тэнцүү буюу 1418 лааг бүтэн өдрийн турш асаажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин