Сонгогч та сонгох эрхээ эдэлж, төрийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой
2020-06-24

Өнөөдөр байнгын үйл ажиллагаатай найм дахь удаагийн парламентын бүрдүүлэхээр сонгогчид бид саналаа өгч байна.  Сонгуулийн төв байгууллага бэлтгэл ажил хангаж, санал авах байр, санал хураах төхөөрөмжүүдийг нэгэнтээ байршуулжээ.  Сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 07.00 цагт эхэллээ.

 

Хуулийн дагуу өчигдөр өглөө 09:00 цагаас зөөврийн санал хураалтын хайрцгаар санал авах ажиллагаа эхэлсэн бөгөөд орой 20:00 цагт дууслаа. УИХ-ын сонгуулийн хуулинд "... сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна" гэж заасан байдаг. Энэ дагуу эрүүл мэндийн шалтгааны улмаас санал авах байранд очих боломжгүй сонгогчийн саналыг зөөврийн хайрцгаар авдаг. Мөн Урьдчилан хорих байранд хоригдсон иргэдийн саналыг авдаг. Ийм хоёр төрлийн сонгогчийн саналыг зөөврөөр авсан байна.  Энэ ажиллагаанд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх журмын дагуу санал авч буй хүмүүс амны хаалт, бээлийтэй, айлын гэрт юм уу, эсвэл амралт сувиллын газарт орохдоо нэг удаагийн улавч өмсөж орно гэж заасны дагуу явагджээ.  Зөөврөөр санал хураалтын талаар өнөөдөр 12:00 цагийн мэдээгээр СЕХ мэдээлэх юм.

 

Саналын хуудас тойрог тойргоороо өөр, 29 төрлийн саналын хуудас хэвлэгджээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд сонгогчдод холбогдох хориглосон заалт бий.  

 

Сонгогч хуурамч баримт бичгээр санал өгөхийг оролдох юм уу, эсвэл санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж дахин саналаа өгөхийг хориглодог. Өөрөөр хэлбэл нэг удаа саналаа өгчихөөд, дахиад өгөхөөр ороход "Та саналаа өгсөн" гэдэг сигнал гарч ирдэг учраас хоёр дахь удаагаа саналаа өгөх боломжгүй гэнэ. Мөн сонгогч саналаа тэмдэглэсэн тухай баримтжуулж зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдлийг хуулиараа хориглодог. Хэрвээ хориглосон заалтуудыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

 

“Сонгуулийн тухай хуульд хоёр тохиолдолд нэмэлт саналт хураалт явагдана гэж заасан. Тойргийн мандатыг хуваарилах боломжгүй, нэр дэвшигчдийн санал тэнцсэн охиолдолд нэмэлт санал хураалт явуулна. Мөн тойргийн ирц 50 хувьдаа хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдыг оролцуулна гэж заасан. Бид сонгогчдыг аль болох эрт санал авах байрандаа очиж мэдээллээ өгөөрэй гэж хэлж байгаа. Учир нь, тэнд хүн хоорондын зайгаа барих ёстой, олон нийтийг төвлөрүүлэхгүй байх ёстой гэдэг дэглэмээ баримтална” гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн.

 

Сонгогчийн хувьд бээлий өмсөх, гараа ариутгах гээд өмнөх сонгуулиас өвөрмөц болж байна. Сонгогч та иргэний үүргээ биелүүлж, төрийн сонгуульд идэвхтэй оролцоорой. Сонгогч таны сонголт мэргэн байг ээ.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочих:
Монгол улс мину ард түмэн мину
2020-06-24